Лого на YouVersion
Иконка за търсене

ИОХАН 4

4
1Есүс Иоханаас илүү олон хүнийг шавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд, 2(хэдийгээр Есүс Өөрөө биш, харин Түүний шавь нар нь баптисм хүртээж байсан боловч) 3Иудейг орхин Галил уруу дахин явжээ. 4Есүс Самариар дайрч өнгөрөх болов. 5Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ хот нь Иаков өөрийн хүү Иосефтоо өгсөн газрын ойролцоо байв. 6Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байв. Энэ нь зургадугаар цагийн үе байлаа. 7Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс
—Надад уух юм өгөөч гэж гуйв. 8Энэ үед шавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа. 9Өнөөх Самари эмэгтэй
—Та Иудей хүн байж Самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. (Учир нь иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байжээ.) 10Есүс түүнд
—Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа хүн хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд, 11тэр Түүнд
—Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ? 12Та бидний өвөг Иаковаас агуу гэж үү? Тэр энэ худгийг бидэнд өгсөн юм. Иаков болоод түүний хөвгүүд ч, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв. 13Есүс
—Энэ уснаас уух хүн бүр дахин цангана. 14Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд, 15эмэгтэй Түүнд
—Эзэн, тэр усаа надад өгөөч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэх шаардлагагүй болно гэв. 16Есүс
—Явж, нөхрөө дуудаад энд ир гэж айлдав. 17Тэр
—Би нөхөргүй гэсэнд Есүс
—“Би нөхөргүй” гэж чи зүйтэй хэлэв. 18Учир нь чи таван нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч нөхөр чинь биш тул чи үнэнээр хэлэв гэв. 19Эмэгтэй
—Эзэн, би Таныг эш үзүүлэгч болохыг харлаа. 20Бидний өвөг дээдэс энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ гэв. 21Есүс
—Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш, Эцэгт л мөргөх цаг ирж байна. 22Та нар мэдэхгүй юманд мөргөдөг бол, бид мэддэг юмандаа мөргөдөг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна. 23Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна. 24Бурхан бол сүнс, Түүнд мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой гэж айлдлаа. 25Тэр эмэгтэй Есүст
—Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлсийг бидэнд мэдүүлж өгнө гэв. 26Есүс түүнд
—Чамтай ярьж байгаа Би бол Тэр мөн гэж айлдав.
27Тэр үед шавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад гайхсан боловч хэн нь ч
—Та юу хайна вэ? эсвэл
—Та түүнтэй юунд ярилцана вэ? хэмээн асуусангүй. 28Тэгтэл өнөөх эмэгтэй усныхаа савыг орхин хот уруу явж, хүмүүст
29Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ биш үү? гэсэнд, 30хүмүүс хотоос гарч Есүс уруу очиж байв. 31Энэ үед шавь нар нь Есүсээс
—Рабби, зооглооч гэлээ. 32Харин Тэр тэдэнд
—Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв. 33Шавь нар нь
—Түүнд хэн ч идэх юм авчирч өгөөгүй биз дээ? хэмээн өөр хоорондоо ярилцав. 34Есүс тэдэнд
—Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн. 35Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ. 36Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. 37Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн болох нь энд харагдаж байна. 38Та нарын хөдөлмөрлөөгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Өөр хүмүүс хөдөлмөрлөсөн бөгөөд та нар тэдний хөдөлмөрт оролцсон болно гэж айлдав.
39Өнөөх эмэгтэйн “Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн” гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотоос Самарийн олон хүн Есүст итгэжээ. 40Тиймээс самаричууд Есүс уруу очиж, өөрсөдтэйгөө хамт байхыг гуйсанд, Есүс тэнд хоёр хонов. 41Есүсийн үгнээс нь болж улам олон хүн итгэв. 42Тэд мөнөөх эмэгтэйд
—Одоо бид чиний ярьсанд биш, харин өөрсдөө сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертөнцийн Аврагч мөн гэдгийг мэдлээ гэв.
43Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. 44Учир нь эш үзүүлэгч нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчлэн харуулсан юм. 45Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Учир нь тэд бас баярт очсон юм.
46Есүс усыг дарс болгож байсан Галилын Кана хотод дахин очив. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд түүний хүү нь Капернаумд өвчтэй байлаа. 47Түшмэл Есүсийг Иудейгээс Галилд ирснийг сонсоод, Түүн уруу очиж
—Ирж, миний хүүг эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. 48Есүс
—Хүмүүс та нар хэрэв тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав. 49Хааны түшмэл Түүнд
—Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. 50Есүс
—Яв. Чиний хүү амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар явав. 51Тийнхүү тэрээр буцаж явтал, боолууд нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. 52Түшмэл хүүгээ аль цагт сайжирч эхэлснийг тэднээс асуусанд
—Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. 53Тэгээд эцэг нь “Чиний хүү амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. 54Есүс Иудейгээс Галилд ирээд дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.

Избрани в момента:

ИОХАН 4: АБ2004

Маркирай стих

Споделяне

Копиране

None

Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте