Лого на YouVersion
Иконка за търсене

ИОХАН 5

5
1Үүний дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад нь Есүс Иерусалим уруу очив. 2Иерусалимын хонины хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд 3тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. 4Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсний дараа түрүүлж орсон хүн ямар ч өвчнөөр өвчилсөн байлаа ч өвчнөөсөө ангижирдаг байжээ.] 5Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. 6Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс
—Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад 7мөнөөх өвчтэй хүн
—Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Харин намайг очсоор байтал өөр хүн надаас өмнө орчихдог гэсэнд 8Есүс түүнд
—Бос. Дэвсгэрээ аваад, яв гэж айлдав. 9Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад явав.
Тэр өдөр Амралтын өдөр байлаа. 10Тиймээс иудейчүүд мөнөөх эдгээгдсэн хүнд
—Өнөөдөр Амралтын өдөр, та дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ. 11Харин тэр тэдэнд
—Намайг эдгээсэн нэгэн надад “Дэвсгэрээ аваад, яв” гэсэн гэж хариулахад, 12тэд
—“Дэвсгэрээ аваад, яв” гэж хэн танд хэлсэн бэ? гэж шалгаав. 13Гэвч мөнөөх эдгээгдсэн хүн Түүнийг хэн байсныг мэдээгүй юм. Учир нь тэр газарт олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа. 14Дараа нь Есүс түүнийг сүмд олоод
—Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв. 15Тэр хүн иудейчүүд дээр очиж, өөрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ. 16Есүс эдгээр зүйлсийг Амралтын өдөр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов. 17Харин [Есүс] тэдэнд
—Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна гэж айлдав. 18Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.
19Есүс тэдэнд хандан
—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг. 20Эцэг Хүүгээ хайрладаг бөгөөд Тэр Өөрийн хийж байгаа бүхнийг Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ. 21Учир нь Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь өгдөгчлөн, Хүү нь бас Өөрийн хүссэн хүнд амь өгдөг. 22Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. 23Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. 24Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив. 25Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонсогчид нь амьдрах болно. 26Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ. 27Тэр бол Хүний Хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. 28Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, 29гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ.
30Би Өөрийн санаагаар юуг ч үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд Миний шүүлт шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. 31Хэрэв Би Өөрийнхөө тухай ганцаараа гэрчилбэл, Миний гэрчлэл үнэн биш байна. 32Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. 33Та нар Иохан уруу хүн илгээхэд, үнэний тухай тэр гэрчилсэн билээ. 34Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм. 35Иохан бол асаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар түүний гэрэлд түр зуур баярлахыг хүсэж байсан. 36Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Учир нь Эцэгийн биелүүл хэмээн Надад өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг. 37Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй. 38Түүний илгээсэн Хүнд та нар итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. 39Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. 40Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй. 41Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. 42Харин та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би мэднэ. 43Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж аваагүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл, та нар түүнийг хүлээн авна. 44Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ? 45Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч бол та нарын найдвараа тавьсан Мосе мөн. 46Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. 47Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.

Избрани в момента:

ИОХАН 5: АБ2004

Маркирай стих

Споделяне

Копиране

None

Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте