YouVersion Logo
Search Icon

1Коринт 12

12
Сүнслэг бэлгүүд
1Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. 2Та нар харьтан байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ. 3Тиймээс хэн ч “Есүс хараагдсан” гэж Бурханы Сүнсээр ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье. 4Бэлгүүд нь ялгаатай ч Сүнс нь ижил.#Ром 12:6–8 5Үйлчлэлүүд нь ялгаатай ч Эзэн нь адил. 6Үйлдлүүд нь ялгаатай ч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөх л Бурхан юм. 7Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж. 8Нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд мэдлэгийн үгийг тэр л Сүнсээр өгсөн бөгөөд 9өөр нэгэнд нь итгэлийг мөнөөх Сүнсээр, нөгөөд нь эдгээх бэлгийг нэг л Сүнсээр өгсөн, 10өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. 11Энэ бүхнийг мөнөөх л нэг Сүнс ажиллуулдаг бөгөөд хүн бүрд тус тусад нь Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг.
Олон эрхтэн бүхий нэгэн бие
12Бие нь нэг атлаа олон эрхтэнтэй байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг бие болдог. Христ ч мөн тийм билээ.#Ром 12:4–5 13Учир нь иудейчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгд нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртэж, нэг Сүнсийг уусан юм. 14Учир нь биеийн эрхтэн ганц биш, харин олон. 15Хөл “Би гар биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй. 16Чих “Би нүд биш тул биеийнх биш” гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ. 17Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байхсан билээ? Бүхлээрээ сонсгол байсан бол үнэрлэхүй нь хаана байх билээ? 18Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тусбүрийг биед байрлуулжээ. 19Хэрэв бүгдээрээ нэг эрхтэн байсан бол бие нь хаана байх билээ? 20Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна. 21Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. 22Бүр мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. 23Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг. 24Бидэнд хүндэтгэлтэй харагдах эрхтнүүдэд энэ нь хэрэггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутмагдуу эрхтнүүдэд илүү эрхэмлэл өгдөг. 25Ингэснээр биед хагарал үгүй, харин эрхтнүүд нь бие биендээ адилхан халамжтай байх юм. 26Нэг эрхтэн нь зовбол бүх эрхтэн хамт зовно. Нэг эрхтэн нь алдаршвал бүх эрхтэн хамт баярлах болно. 27Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. 28Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ.#Еф 4:11 29Бүгд элч нар уу? Бүгд эш үзүүлэгчид үү? Бүгд багш нар уу? Бүгд гайхамшгийг үйлдэгчид үү? 30Бүгд эдгээх бэлгүүдтэй юү? Бүгд хэл ярихуйгаар ярьдаг уу? Бүгд үүнийг нь тайлбарладаг гэж үү? 31Иймд үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн. Би та нарт илүү давуу замыг харуулъя.

Currently Selected:

1Коринт 12: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in