YouVersion Logo
Search Icon

Үйлс 28

28
Паул Мальт арал дээр
1Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв. 2Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа. 3Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв. 4Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ. 5Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй. 6Хүмүүс түүнийг хавдах юмуу гэнэт газар хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд эс бусын юм тохиолдохгүй байхыг хараад, бодолоо өөрчилж түүнийг бурхан байж гэж ярьж эхлэв.
7Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. 8Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад дээр нь гар тавьж түүнийг эдгээв. 9Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй байсан бусад нь түүнд ирж, илааршиж байлаа. 10Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ.
Паул Ромд ирсэн нь
11Тийнхүү гурван сарын дараа бид Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй, мөнөөх арал дээр өвөлжсөн, Александрын усан онгоцонд суун 12Сиракуст хүрч, гурав хонов. 13Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ. 14Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. 15Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров.
16Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.
Паул ба Ром дахь Иудейн удирдагчид
17Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэллээ.
—Ах дүү нар аа! Би ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдсан юм. 18Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа. 19Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь ард түмнийхээ эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байлаа.#Үйл 25:11 20Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн. Учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд 21тэд түүнд
—Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж, таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй. 22Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.
Паул Ромд номлосон нь
23Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав. 24Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй. 25Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.
—Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм.
26“Энэ ард түмэнд очиж хэлтүгэй.
Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй,
Харан харавч огт ухаарахгүй.
27Учир нь энэ ард түмний
зүрх нь хатуурч,
чих нь дүлийрэн хатуурч,
нүдээ аньжээ.
Эс бөгөөс тэд нүдээрээ харж,
чихээрээ сонсож,
зүрхээрээ ухаарч, эргэнэ.
Би тэднийг эдгээх байсан”#Иса 6:9–10 (LXX)
гэсэн байдаг. 28Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн. 29[Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж маргаж байв.]#28:29 ЗБ-т энэ эшлэл байхгүй.
30Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, 31Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.

Currently Selected:

Үйлс 28: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Үйлс 28