Дэд хууль 10
10
Удаах хос хавтан
(Гэт 34:1–10)
1Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир! Бас нэгэн модон авдар хий! 2Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичье. Тэгээд чи түүнийг тэр авдартаа хийх ёстой!” гэв. 3Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгээд түүнийгээ гартаа барин уул өөд гарсан. 4Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ. 5Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.
6Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера тийш хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд хөдөөлүүлсэн. Түүний хүү Елеазар оронд нь тахилчийн албыг хашив.#Тоо 20:28, 33:38 7Тэд тэндээсээ Гудгода уруу, Гудгодагаас горхи элбэгтэй нутаг Иотбата тийш хөдөлсөн билээ. 8Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.#Тоо 3:5–8 9Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Бурхан ЭЗЭН чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.
10Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.#Гэт 34:28 11Тэгээд ЭЗЭН надад “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр эцэг өвгөдөд нь тангарагласан газарт тэднийг аваачиж эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.
Хуулийн гол үндэс
12Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг 13мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу? 14Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. 15Гэсэн ч ЭЗЭН зөвхөн эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан. 16Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга! 17Бурхан ЭЗЭН чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.#1Тм 6:15; Илч 17:14, 19:16; Үйл 10:34; Ром 2:11; Гал 2:6; Еф 6:9 18Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, ирмэл хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг. 19Та нар Египет нутагт ирмэл хүн байсан. Тиймээс ирмэл хүнийг хайрла. 20ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла. 21Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн. 22Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.#Эх 15:5, 22:17, 46:27
Currently Selected:
Дэд хууль 10: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.