Дэд хууль 19
19
Хоргодох хотуудын хууль
(Тоо 35:9–34; Иош 20:1–9)
1ЭЗЭН Бурхан чинь эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь газар нутгийг нь чамд өгөхөд чи тэднийг байлдан эзлээд, тэдний хот, орон байруудад нь амьдран суухдаа 2ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутаг дунд өөрсдөдөө гурван хотыг тусгаарла. 3Чи өөртөө замууд засаж, ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр алуурчин хүн тийшээ зугтан очиг.
4Тийшээ зугтан очиж амь мултарч болох алуурчны хэрэг ийм байх юм. Тэр хөршөө урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд 5(тухайлбал хүн хөрштэйгөө хамт мод огтлохоор ойд очиж, мод унагахаар гартаа барьсан сүхээр цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, өнөөх хүн үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтан очиж, амь мултарч болно. 6Хөршөө урьд өмнийн өс хонзонгоор алаагүй түүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн хөөгөөд зам нь урт тул түүнийг гүйцэж очоод алах вий. 7Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна.
8Хэрэв чиний ЭЗЭН Бурхан эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, эцэг өвгөдөд чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл 9мөн чи Бурхан ЭЗЭНээ хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурваас гадна өөр гурван хотыг нэмж ав. 10Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.
11Харин хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран босож амийг нь цохин хөнөөснөөр нөгөө хүн нь үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол 12тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг алуулах ёстой. 13Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.
Эзэмшлийн хил хязгаар
14ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвөг дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.#Дх 27:17
Гэрчийн тухай хууль
15Ямар нэг хилэнц эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрчийг босгож болохгүй. Харин хоёр юмуу гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.#Тоо 35:30; Дх 17:6; Мт 18:16; Иох 8:17; 2Ко 13:1; 1Тм 5:19; Евр 10:28 16Хэрэв хүнийг хэрэгтэн хэмээн буруутгахаар хуурамч гэрч гарч ирвэл, 17маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилчид, шүүгчдийн өмнө зогсоно. 18Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгахад, харагтун, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлгэ өгсөн байвал 19ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь хийгтүн. Та нар дундаасаа ёрын мууг ийнхүү зайлуул. 20Тэгвэл үлдсэн хүмүүс сонсоод айн эмээж, та нар дунд ийм ёрын муу хэрэг дахин үйлдэгдэхгүй болно. 21Түүнийг бүү өрөвдөн хар. Харин амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.#Гэт 21:23–25; Лев 24:19–20; Мт 5:38
Currently Selected:
Дэд хууль 19: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.