YouVersion Logo
Search Icon

Дэд хууль 30

30
Бурхан шударгаа үзүүлнэ
1Чиний өмнө миний тавьсан ерөөл, хараал бүхэн чамд тохиолдож, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон улс бүхнийхээ дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас, 2чи бас чиний хөвгүүд Бурхан ЭЗЭНдээ эргэж өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас 3ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөж, чамайг тараан цацсан бүх улс үндэстний дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана. 4Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна. 5Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг эцэг өвгөдийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчран, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамд сайныг үйлдэж, эцэг өвгөдөөс чинь илүү олшруулна.
6ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно. 7ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана. 8Чи дахин ЭЗЭНий үгийг дуулгавартай дагаж, миний өнөөдөр чамд тушааж буй, Түүний бүх тушаалыг биелүүлэх болно. 9Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гарын аливаа ажил үйлсийг тэтгэж, чиний үр хүүхэд, чиний мал сүргийг өсгөн үржүүлж, газрын чинь ургацыг арвижуулан сайн сайхан болгоно. ЭЗЭН чиний эцэг өвгөдөд баярласан шигээ чамд дахин баярлаж, чамд сайн сайхныг хайрлана. 10Хэрэв та нар энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал, зарлигуудыг сахин мөрдөхөөр ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай дагаж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Бурхан ЭЗЭНдээ эргэвэл ийм байх юм.
Амийг сонго
11Өнөөдөр чамд миний тушааж буй энэ тушаал чамаас далдлагдсан зүйл биш, алс холын ч зүйл биш, 12тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор бидний төлөө хэн тэнгэрт гарах вэ?” гэж хэлэхээр юм биш.#Ром 10:6–8 13Энэ нь далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш. 14Харин үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.
15Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба сайн сайхан, үхэл ба гай зовлонг тавилаа. 16Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, шийдвэрүүдийг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьд үлдэж, олшрох бөгөөд ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө. 17Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал 18та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй. 19Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавъя. Чи бас чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, 20ЭЗЭН Бурханаа хайрлан Түүний дуу хоолойд дуулгавартай байж, Түүнээс зуурч бай. Тэр нь чиний амь амьдрал, өдөр хоногуудын чинь урт юм. Тэгвэл чиний эцэг өвгөд Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно гэв.#Эх 12:7, 26:3, 28:13

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in