Галат 5
5
1Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Христитгэлийн эрх чөлөө
2Харагтун. Хэрэв та нар хозлуулвал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. 3Хозлолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн. 4Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс арилан, нигүүлслээс салж унажээ. 5Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг хүлээж байна. 6Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. 7Та нар сайн гүйж байсан. Хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болсон бэ? 8Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй. 9Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.#1Ко 5:6 10Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно. 11Гэвч ах дүү нар аа, хэрэв би хозлолыг тунхагласаар байвал юунд би мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь арилсан хэрэг. 12Хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай. 13Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил. 14Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.#Лев 19:18 15Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биенээ хөнөөх вий гэж болгоомжлогтун.
Махбодын үйлс
16Харин Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүсэлээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. 17Учир нь махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.#Ром 7:15–23 18Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. 19Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, 20шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл,#5:20 эсвэл талцаж бүлэрхэх эсвэл салан тусгаарлах 21атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан урьдчилан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
Сүнсний үр жимс
22Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайн сэтгэл, итгэмж, 23дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. 24Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ. 25Хэрэв бид Сүнсэнд амьд байгаа юм бол мөн Сүнс дотор явцгаая. 26Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая.
Currently Selected:
Галат 5: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.