YouVersion Logo
Search Icon

Исаиа 14

14
Израилийн сэргэлт
1ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2Ард түмэн тэднийг авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт, зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдаа тэд захирах болно.
Вавилоны хааны уналт
3Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө.
Дарангуйлагч хэрхэн болив,
Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв!
5ЭЗЭН буруутын таягийг,
Захирагчдын очирт таягийг хугалжээ.
6Тасралтгүй цохих уураараа
Ард түмнүүдийг цохиж,
Зогсоолтгүй мөшгөх хилэнгээрээ
Үндэстнүүдийг захирав.
7Бүх газар амарч,
анир чимээгүй болж,
баярын уухай хадаана.
8Майлснууд ч, Ливаны хуш модод ч чамд баярлаж
“Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй” гэнэ.
9Доор Үхэгсдийн орон
Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.
Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг,
Газрын бүх л дээдсийг сэрээн
Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно.
10Тэд бүгд чамд хариулан
“Чи ч бидэн шиг дорой болсон.
Чи бидэнтэй адил болсон.
11Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу
Үхэгсдийн оронд доош буулгагдав.
Доор чинь өт тархан
Хорхойнууд бүтээлэг чинь болно”
12Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.
Чи яаж тэнгэрээс унав аа?
Үндэстнүүдийг дордуулагч
Чи хөсөр хаягдлаа!#Илч 8:10, 9:1
13Учир нь чи зүрхэндээ
«Би тэнгэрт гарна.
Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.
Би умардын хамгийн чанадад
Чуулганы уулан дээр заларна.#Мт 11:23; Лк 10:15
14Би үүлсийн орой дээр гарна.
Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн.
15Гэвч чи Үхэгсдийн орон уруу,
Хамгийн гүн нүхэнд хаягдана.
16Чамайг харсан хүн бүр гайхан мэлэрч
«Дэлхийг донсолгон,
Хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?
17Ертөнцийг цөл мэт болгон,
Хотуудыг нь бусниулсан,
Хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.
18Үндэстнүүдийн хаад бүгд алдар дотор
Булшиндаа хэвтэж байна.
19Харин чи жигшигдсэн гишүү мэт,
Хөлд гишгэгдэх хүүр мэт,
Илдэнд цоо хатгуулж,
Нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг адил
Булшнаасаа хаягдав.
20Чи газар нутгаа сүйтгэж,
Ард түмнээ алсан учир
Тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.
Ёрын мууг үйлдэгчдийн үр удам
Дахин үл дурсагдана.
21Эцгүүдийнх нь хилэнцээс болж
Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн!
Тэд босож, газрыг эзэмшиж,
Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.
22“Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна. 23“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
Ассирийн тухай зөн
24Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.#Иса 10:5–34; Нах 1:1—3:19; Зеф 2:13–15 25Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тэгэхэд буулгыг нь тэднээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна. 26Энэ нь бүх дэлхийн эсрэг тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. 27Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.
Филистийн тухай зөн
28Ахаз хааны өөд болсон жил энэ зөн ирлээ.#2Ха 16:20; 2Шс 28:27
29“Бүх филистчүүд ээ.
Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун!
Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад
Үр жимс нь нисдэг галт могой болой.#Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7
30Үгээгүй гуйлгачингууд идэж,
Ядуус аюулгүй амгалан хэвтэнэ.
Үндсийг чинь Би өлсгөлөнгөөр үхүүлнэ,
Үлдэгсдийг чинь ална,
31Үүд хаалга аа, уйлагтун!
Хот оо, цурхиран уйл!
Хамаг филистчүүд ээ, та нар
Сарниж алга болцгоо!
Юу гэвэл умардаас утаа ирж байна.
Түүний жагсаалын цэргээс
Нэг нь ч эс хоцров.
32Тэгвэл тэр харийн элч нарт
Яаж хариулах вэ?
Сионы суурийг ЭЗЭН тавьсан.
Түүний ард түмнээс зүдэрсэн нь
Хоргодох байр олно.”

Currently Selected:

Исаиа 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Исаиа 14