YouVersion Logo
Search Icon

Иаков 1

1
Мэндчилгээ
1Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков#Мт 13:55; Мк 6:3; Үйл 15:13; Гал 1:19 би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.
Итгэл ба мэргэн ухаан
2Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. 3Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. 4Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна. 5Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. 6Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. 7Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. 8Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
Баячууд ба ядуурал
9Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, 10баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө.#Иса 40:6–7 (LXX) 11Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
Сорилт ба уруу татлага
12Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. 13Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. 14Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. 15Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. 16Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. 17Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. 18Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
Сонсох ба үйлдэх
19Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. 20Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. 21Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. 22Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. 23Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа бөгөөд 24тэрээр өөрийгөө хараад, эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. 25Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно. 26Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. 27Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.

Currently Selected:

Иаков 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in