YouVersion Logo
Search Icon

Шүүгчид 14

14
Самсоны гэрлэлт
1Самсон Тимнад бууж очоод, тэнд филист охидоос нэгэн эмэгтэйг харжээ. 2Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ
—Би Тимнад филист охидоос нэгэн бүсгүйг харав. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэв. 3Тэгэхэд эцэг эх нь түүнд
—Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хозлуулаагүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэв. Харин Самсон эцэгтээ
—Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ. 4Харин энэ нь ЭЗЭНээс болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдээс шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байлаа.
5Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явав. Тэд Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв. 6ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишгийг тасчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ ярьсангүй. 7Тэгээд Самсон явж, тэр бүсгүйтэй ярив. Тэр Самсоны нүдэнд аятайхан байжээ. 8Хэсэг хугацааны дараа Самсон тэр бүсгүйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр замаасаа гажин очвол, харагтун, арслангийн биед зөгийн сүрэг ба зөгийн бал байв. 9Тэрээр балыг гараараа утган авч, явуут дундаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн сэгнээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй. 10Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд дайллага хийв. Учир нь залуу эрчүүд ийм заншилтай байжээ. 11Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав. 12Самсон тэдэнд
—Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар түүнийг надад дайллагын долоо хоногийн дотор зөв тааж, олох юм бол би та нарт гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас өгнө. 13Харин хэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин гоёлын цамц, гучин гоёлын хувцас надад өгөгтүн гэхэд тэд
—Оньсогоо таалгагтун, бид сонсъё гэцгээв. 14Самсон тэдэнд
Идэгчээс идэш гарав.
Идтэнээс амттан гарав
гэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав. 15Дөрөв дэх#14:15 Еврейд нь долоо дахь өдөр болсонд тэд Самсоны эхнэрт
—Тэр оньсогоны тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Та нар биднийг эзэмшлээс маань хөөн зайлуулахын тулд урьсан бус уу? Үгүй гэж үү? гэлцэн занав. 16Тэгээд Самсоны эхнэр түүнд уйлан
—Чи намайг зөвхөн үзэн яддаг, намайг хайрладаггүй. Чи миний ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хэрнээ надад үүнийг хэлж өгсөнгүй гэв. Самсон түүнд
—Үзэгтүн. Би эцэг эхдээ ч үүнийг яриагүй атал чамд ярих болж байна уу? гээд халгаасангүй. 17Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнийг шахамдуулсаар байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд оньсогыг ярив. 18Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө#14:18 магадлалт хувилбар: орондоо орохоос өмнө хотын эрчүүд Самсонд
Зөгийн балаас амттай нь юу вэ?
Арслангаас идтэй нь юу вэ?
гэхэд Самсон тэдэнд
—Хэрэв та нар миний гунжаар газар хагалаагүй бол миний тааврыг таахгүй байхсан гэв. 19Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр буув. Тэр Ашкелон уруу очиж тэдний гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч, гоёлын хувцсыг нь оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт өгсөж ирэв. 20Харин түүний эхнэрийг Самсонд тусгайлан шадарлаж байсан хуримын дагуулд өгөв.

Currently Selected:

Шүүгчид 14: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in