YouVersion Logo
Search Icon

Иошуа 11

11
Хойд Канааны хаад ялагдав
1Хазорын хаан Иабин үүнийг сонсоод Мадоны хаан Иобаб мөн Шимрон ба Ахшафын хаанд, 2Хиннеротын өмнө талын Араба, өрнө зүгийн нам газрууд ба Дорын өндөрлөгт байгч хойд зүгийн уулархаг нутгийн хаадад буюу 3өрнө ба дорно зүгт байгч канаанчууд, мөн уулархаг нутгийн аморичууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд болон Мизпе нутгийн Хермоны хормойд орших хивичүүдэд хэл хүргүүлэв. 4Тэд өөрсдийн бүх цэрэг буюу далайн эргийн элс шиг тоо томшгүй хүн, их хэмжээний морьд ба тэрэгт цэрэгтэй хөдлөв. 5Тийнхүү эдгээр бүх хаад уулзан, Израилийн эсрэг дайтахаар Меромын усны хажууд ирж, хамтдаа буудаллав. 6ЭЗЭН, Иошуад
—Тэднээс бүү айгтун. Учир нь маргааш өдийд Би Израилийн өмнө тэднийг бүгдийг нь үхдэл болгоно. Та нар тэдний морьдын шөрмөсийг тасалж, тэрэгнүүдийг нь галд шатаах болно гэлээ. 7Ийнхүү Иошуа дайчин эрсийн хамт Меромын усны дэргэд тэдний дээр гэнэт орж ирж, тэднийг довтлов. 8ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив. 9ЭЗЭН өөрт нь айлдсаныг Иошуа тэдэнд үйлдэж, морьдынх нь шөрмөсийг таслан, тэрэгнүүдийг нь галд шатаалаа. 10Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Тэр үед Хазор эдгээр бүх хаанчлалын тэргүүн нь байв. 11Тэд хот доторх амьтай бүгдийг устган, амьтай бүгдээс нэгийг нь ч үлдээлгүй илдний ирээр цохив. Хазорыг Иошуа галдан шатаав. 12Мөн Иошуа тэдгээр хаадын бүх хотыг хаадтай нь хамт эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасанчлан хүйс тэмтрэв. 13Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, толгод дээрх хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм. 14Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх олз хийгээд мал сүргийг өөрсдөдөө дээрэмдэн авлаа. Харин бүх хүнийг нь дуустал илдний ирээр цохижээ. Тэд амьтай нэг ч хүнийг эс үлдээв. 15ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасны адил Мосе Иошуад тушааж, Иошуа ч ёсоор үйлдэв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.
Иошуагийн эзэлсэн нутгууд
16Ингээд Иошуагийн эзэлсэн бүх газар нутгийг тоочвол: уулархаг нутаг Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба мөн Израилийн уулархаг нутаг болон нам дор газрууд, 17Сеир уруу өгссөн Халак уулаас авахуулаад Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлх нутаг юм. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг алав. 18Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв. 19Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй энхийн гэрээ тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотыг тулалдан авчээ. 20Учир нь ЭЗЭН тэдний зүрхийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг ямар ч өршөөлгүйгээр, бүрмөсөн устгахын тулд байв.#Дх 7:16 21Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ. 22Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч анак үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ. 23Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсанчлан Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажнаас амсхийв.

Currently Selected:

Иошуа 11: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in