Иошуа 23
23
Иошуа ард олныг сургамжлав
1Эргэн тойрных нь дайснаас Израилийг ЭЗЭН амарлиулснаас хойш олон өдөр өнгөрч, Иошуа нас өндөр болж хөгшрөв. 2Иошуа бүх Израилийг, тэдний ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд
—Би хөгширч нас өндөр болов. 3Мөн та нарын төлөө энэ бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНийхээ хийсэн бүхнийг та нар харсан. Учир нь та нарын төлөө дайтсан нь Бурхан ЭЗЭН юм. 4Харагтун, Иорданаас цаашлаад Их тэнгис хүртэл, наран жаргах зүгт миний эзлэн авсан бүх улс үндэстний хамт үлдсэн энэ бүх үндэстнийг би та нарт овгуудын чинь дагуу өв болгон шавгаар хуваарилан өгсөн билээ. 5Та нарын Бурхан ЭЗЭН Өөрөө тэднийг өмнөөс чинь тууж гарган, хөөж зайлуулах ба Бурхан ЭЗЭНий тань та нарт амласан ёсоор тэдний нутгийг та нар эзэмших болно. 6Иймд Мосегийн хуулийн номд бичигдсэн бүгдээс баруун тийш ч, зүүн тийш ч огт хазайлгүй цөмийг нь бат сахин биелүүл. 7Та нарын дунд үлдсэн эдгээр үндэстэнтэй хутгалдалгүй, тэдний бурхдын нэрийг дурдалгүй, тэднээр тангараглалгүй, тэдэнд үйлчлэлгүй, тэдэнд мөргөлгүй бай. 8Харин энэ өдрийг хүртэл үйлдсэн шигээ, та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНээс бат зуурагтун. 9Учир нь агуу ба хүчит үндэстнүүдийг ЭЗЭН та нарын өмнөөс хөөн гаргасан. Харин энэ өдрийг хүртэл нэг ч хүн та нарыг эсэргүүцэн зогсож чадаагүй билээ. 10Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амласан ёсоороо та нарын төлөө тулалддаг Нэгэн тул танай нэг хүн мянган хүнийг хөөж чаддаг.#Дх 3:22, 32:30 11Тиймд амийнхаа төлөө өөрсдийн Бурхан ЭЗЭНийг ямагт хайрлахыг хичээн анхаарагтун. 12Учир нь хэрэв та нар энэ замаасаа буцаж, та нарын дотор үлдсэн эдгээр үндэстний хүмүүстэй холбогдож тэдэнтэй нийлэн гэр бүл болох юм бол 13та нарын Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг өмнөөс чинь хөөн зайлуулахаа болино гэдгийг бат мэдэгтүн. Харин Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн энэ сайхан нутгаас та нарыг мөхөж үгүй болтол энэ үндэстнүүд та нарт урхи ба занга, нуруунд чинь ташуур, нүдэнд чинь өргөс болох болно. 14Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүх үг биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа. 15Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх гай зовлонг авчрах болно. 16Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаасан гэрээг зөрчин, өөр бурхдад очиж үйлчлэн тэдэнд мөргөвөл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг шатаж, Түүний өгсөн сайхан нутаг дээр нь та нар төдөлгүй мөхөх болно гэв.
Currently Selected:
Иошуа 23: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.