YouVersion Logo
Search Icon

Лук 8

8
Үйлчилж байсан эмэгтэйчүүд
1Үүний дараа Есүс удалгүй хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайнмэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. 2Мөн өвчин болоод ёрын сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эм гэгддэг Мариа,#Мт 27:55–56; Мк 15:40–41; Лк 23:49 3Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мөн Сузанна болон өөр олон хүн байж, өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.
Сургаалт зүйрлэл: Тариачин
(Мт 13:1–9; Мк 4:1–9)
4Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив.
5Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гишгэн, огторгуйн шувууд идчихжээ. 6Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов. 8Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад
—Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
Сургаалт зүйрлэлийн зорилго
(Мт 13:10–17; Мк 4:10–12)
9Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад 10Тэр
—Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ.#Иса 6:9–10 (LXX)
Тариачны сургаалт зүйрлэлийн тайлбар
(Мт 13:18–23; Мк 4:13–20)
11Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. 12Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. 13Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. 14Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. 15Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.
Саван доорх дэнлүү
(Мк 4:1–25)
16Хэн ч дэнлүү асаагаад савны доор нуух юмуу орон доор тавьдаггүй. Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг.#Мт 5:15; Лк 11:33 17Илчлэгдэхгүй байхаар халхлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.#Мт 10:26; Лк 12:2 18Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.#Мт 25:29; Лк 19:26
Есүсийн жинхэнэ төрөл садан
(Мт 12:46–50; Мк 3:31–35)
19Тэгтэл эх болон дүү нар нь Түүн дээр ирэв. Маш олон хүн байснаас тэд Түүн уруу очиж чадаагүй тул 20Түүнд
—Эх, дүү нар тань Тантай уулзахаар гадаа зогсож байна гэж хэлүүлэв. 21Харин Есүс тэдэнд
—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгсэд нь Миний эх, дүүс мөн гэжээ.
Шуурга намдаав
(Мт 8:23–27; Мк 4:35–41)
22Тэр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд
—Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэжээ. 23Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв. 24Тэд Түүн уруу очиж сэрээгээд
—Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов. 25Тэр шавь нартаа
—Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ
—Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
Чөтгөрт эзэмдүүлсэн хүний эдгэрэл
(Мт 8:28–34; Мк 5:1–20)
26Тэд Галилын эсрэг талд орших герасчуудын#8:26 ЗБ-т Гадарын эсвэл Гергесийн (Мт 8:28 үз.) нутагт хүрч ирэв. 27Есүс эрэг дээр гартал, чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч ирээд Түүнтэй тулгарав. Тэр хүн удаан хугацааны турш хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булшны агуйд орогнодог байв. 28Тэр Есүсийг хараад хашхиран өмнө нь унаж чанга дуугаар
—Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ. 29Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтад байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байсан аж. 30Есүс түүнээс
—Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр
—Легион#8:30 Легион: Түмт цэрэг гэсэн утгатай. гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ. 31Чөтгөрүүд өөрсдийг нь оёоргүй гүн уруу#8:31 оёоргүй гүн: Чөтгөрүүд эцсийн шийтгэл хүртэл газрын гүнд хоригдоно гэж үздэг. зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа. 32Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв. 33Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нууранд унан живцгээлээ. 34Болсон бүхнийг хараад гахайчид зугтаж, энэ тухай хот хөдөөгүй ярив. 35Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс дээр очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад айцгаав. 36Үүнийг үзсэн хүмүүс чөтгөр шүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ. 37Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ. 38Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,
39Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо.
Охиныг амилуулж, эмэгтэйг эдгээв
(Мт 9:18–26; Мк 5:21–43)
40Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа. 41Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. 42Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. 43Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн#8:43 ЗБ-т хамаг байдгаа эмч нарт өгсөн ч гэж байхгүй. ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. 44Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. 45Есүс
—Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд
—Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд 46харин Есүс
—Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. 47Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. 48Есүс түүнд
—Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв. 49Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,
—Охин тань үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв. 50Харин Есүс үүнийг сонсоод, түүнд
—Бүү ай, гагцхүү итгэ. Тэр аврагдах болно гэлээ. 51Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй. 52Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс
—Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд 53үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. 54Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж,
—Охин минь, бос гэж дуудсанд 55сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ. 56Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

Currently Selected:

Лук 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in