YouVersion Logo
Search Icon

Сургаалт үгс 2

2
Мэргэн ухааны үнэ цэнэ
1Хүү минь, үгсийг минь хүлээн авч,
Тушаалуудыг минь дотроо нандигнаваас,
2Мэргэн ухаанд чих тавьж,
Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс,
3Ухаарлыг чи чангаар дуудаж,
Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс,
4Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж,
Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас
5ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно
Бурханы мэдлэгийг олж авна.
6Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг
Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг
7Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж
Өөлөх гэмгүй явагчдад
Тэрээр бамбай болмуй
8Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж,
Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй.
9Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна
Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно
10Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж,
Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна.
11Хянамгай чанар чамайг сэргийлнэ,
Ухаан бодрол чамайг хамгаална.
12Энэ нь чамайг хорон муугийн замаас ч
Хоосон гаж яригчаас ч
13Харанхуйн замаар явах гэж
Шулуун харгуйг орхигсдоос ч
14Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч,
Ёрын гажсанд баясагчдаас ч
15Муруй замтай хүмүүсээс ч
Буцдаг жимтэй хүмүүсээс ч
хамгаалах болно.
16Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу
Садар эмээс ч тэр салган аврах билээ.
17Идэр насныхаа ханийг орхиж дээ, энэ эм,
Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ
18Орон гэр нь үхэл уруу хэлбийжээ
Одох жим нь Үхэгсдийн орон ажээ.
19Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэ
Тэд амийн харгуйг ахиж эс олно.
20Иймээс сайн замаар яв
Тиймээс зөвтийн харгуйг сахь.
21Чигч шударга хүмүүс газар дээр амьдарч
Гэм зэмгүй нь тэнд үлдмой.
22Буруутууд газраас таслагдаж
Бачит хүмүүс тэндээс арчигдмой.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in