1 ИОХАН 4
4
1Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна. 2Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас ирсэн бөгөөд 3Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас ирээгүй. Энэ бол Христийг эсэргүүцэгчийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд хэдийн байж байна. 4Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгч нэгнээс аугаа. 5Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг. Ертөнц тэднийг сонсдог. 6Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханых биш хүн биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний сүнс ба мэхлэлийн сүнсийг мэднэ.
7Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм. 8Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ. 9Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. 10Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн билээ. Үүнд хайр байгаа юм. 11Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой. 12Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор бүрэн төгс болно.
13Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. 14Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагч болгон илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. 15Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэр Бурханы дотор байна. 16Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг.
Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 17Үүгээр шүүлтийн өдөрт биднийг зоригтой байлгахын тулд хайр нь бидний дунд төгс болов. Учир нь бид энэ ертөнцөд Түүн шиг байдаг. 18Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна. 19Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм. 20Хэрэв хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ. 21Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.
Currently Selected:
1 ИОХАН 4: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society