YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 1

1
1Ефраимын уулархаг нутгийн Раматаим-зофим нутагт Елкана гэдэг нэртэй хүн байжээ. Тэр хүн Иерохамын хүү, Елихугийн ач, Тохугийн гуч, Ефраим хүн Зуфын жич байв. 2Елкана хоёр эхнэртэй байсан бөгөөд нэгнийх нь нэр Ханна, нөгөөгийнх нь нэр Пенинна гэдэг байв. Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ. 3Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа. Тэнд Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар ЭЗЭНий тахилч нар байв. 4Елкана тахил өргөх өдрөө эхнэр Пенинна болон түүний бүх хөвгүүд, охидод хувь хүртээдэг байжээ. 5Харин Ханнад хоёр хувь илүүг өгдөг байв. Учир нь тэр Ханнад хайртай байсан боловч ЭЗЭН түүний хэвлийг хаасан ажээ. 6ЭЗЭН хэвлийг нь хаасан учир түүнтэй өрсөлдөгч Пенинна түүнийг бухимдуулахын тулд өддөг байв. 7Жил бүр тэгдэг байсан бөгөөд Ханна ЭЗЭНий өргөөнд очих болгонд Пенинна түүнийг өддөг байв. Тийм учраас Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ. 8Тэгэхэд түүний нөхөр Елкана түүнд
—Ханна, чи юунд уйлж, яагаад хоол унд ч идэхгүй байна вэ? Юунд зүрх сэтгэл чинь уйтгарлана вэ? Би чамд арван хөвгүүнээс дээргүй юү? гэв.
9Шилод хоол унд идэж ууж дууссаны дараа Ханна босов. Тэр үед тахилч Ели ЭЗЭНий сүмийн хаалганы дэргэдэх суудал дээр сууж байсан билээ. 10Ихэд шаналсан Ханна ЭЗЭНд залбиран, гашуунаар уйлж байв. 11Тэр тангараглан,
—Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.
12Ханна ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн залбирч байхад Ели түүний амыг ажиглан харж байв. 13Ханна зүрх сэтгэл дотроо залбирч, зөвхөн уруул нь хөдөлж, харин дуу нь гарахгүй байсан юм. Тиймээс Ели түүнийг согтуу байна хэмээн боджээ. 14Ели түүнд
—Хэдий болтол чи согтуу байх юм бэ? Дарснаасаа сал гэв. 15Гэвч Ханна хариуд нь
—Үгүй, эзэн минь, миний сүнс шаналж байна. Би дарс ч, архи ч уугаагүй, харин ЭЗЭНий өмнө сэтгэлээ илчилж байна. 16Шивэгчнээ олиггүй эмэгтэй гэж бүү үзэгтүн. Учир нь сэтгэл ихээр зовниж, өдөөн хатгуулсаар байгаа тул, би өдий хүртэл залбирлаа хэмээлээ. 17Тэгэхэд Ели хариулан,
—Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв. 18Тэр эмэгтэй
—Шивэгчин тань таны өмнө тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов.
19Дараагийн өглөө нь тэд эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэр уруу буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав. 20Ханна жирэмсэлсний дараа цаг нь болоход хөвгүүн төрүүллээ.
—Би энэ хөвгүүнийг ЭЗЭНээс гуйсан юм гэж өгүүлээд түүнийг Самуел гэж нэрлэв.
21Дараа нь Елкана амлалтаа биелүүлэн жилийн тахилыг ЭЗЭНд өргөхөөр гэр бүлийн хамт явах боллоо. 22Харин Ханна нөхөртөө
—Энэ хөвгүүнийг хөхнөөс гарах хүртэл би тийшээ явахгүй. Дараа нь би түүнийг дагуулан явж, ЭЗЭНий өмнө аваачиж, тэнд үүрд үлдээнэ хэмээн өгүүлээд явсангүй. 23Нөхөр Елкана нь түүнд
—Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв. 24Хөвгүүнийг хөхнөөс гармагц хэдийгээр тэр нялхаараа байсан боловч Ханна түүнийг мөн гурван настай бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд түүнийг дагуулан ирэв. 25Тэгээд тэд бухаа нядалж, хүүг Елид авчирч өгөв. 26Ханна өгүүлэв.
—Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна. 27Энэ хөвгүүний төлөө би залбирсан юм. Өөрөөс нь гуйсан миний гуйлтыг ЭЗЭН биелүүлж өгсөн билээ. 28Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг нэгэнт ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНд зориулагдав гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.

Currently Selected:

1 САМУЕЛ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in