YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 11

11
1Аммон хүн Нахаш хүрч ирж, Иабеш-гилеадыг бүслэв. Иабешийн бүх хүмүүс Нахашт
—Бидэнтэй гэрээ байгуулбал, бид танд үйлчилье гэцгээв. 2Харин Аммон хүн Нахаш тэдэнд
—Дараах журмаар би та нартай гэрээ байгуулна. Та нарын бүгдийн чинь баруун нүдийг ухаж аван, ингэснээрээ бүх Израиль дээр зэмлэл болгоё гэж хэлэв. 3Иабешийн ахлагчид түүнд
—Израилийн нутаг даяар элч нарыг явуулахын тулд бидэнд долоо хоногийн хугацаа өгөгтүн! Хэрэв биднийг хэн ч аврахгүй бол бид чам уруу гарч очъё гэв. 4Тэгээд элч нар Саулын Гибеа уруу ирж, тэндхийн бүх хүмүүст эдгээр үгсийг дуулгасанд бүх хүмүүс чанга дуугаар уйлалдав. 5Саул үхрээ туун, талбайгаас буцаж ирж байв. Саул
—Хүмүүс уйлалдаад, юу болж байгаа юм бэ? гэж асуусанд тэд Иабешийн хүмүүсийн үгсийг түүнд хэлж өгөв.
6Саулыг эдгээр үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов. 7Тэр буулгатай үхрүүдийг авч, цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг даяар илгээж,
—Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олон ЭЗЭНээс айж, нэгэн хүн мэт ирцгээв. 8Саул тэднийг Безект тоолов. Израилийн хөвгүүд гурван зуун мянга, Иудагийн эрчүүд гучин мянга байв. 9Тэд ирсэн элч нарт
—Иабеш-гилеадын хүмүүст ийнхүү хэлэгтүн. “Маргааш үд дунд та нар аврагдах болно” гэж хэл гэв. Тийнхүү элч нар буцаж ирэн Иабешийн хүмүүст мэдэгдэхэд, тэд баярлав. 10Тэгээд Иабешийн хүмүүс
—Маргааш бид та нар уруу гарч очно. Та нар өөрсдийн тааллаар биднийг яахаа мэдэгтүн гэж өгүүлэв. 11Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.
12Тэгэхэд ард олон Самуелд
—Өмнө нь Саул биднийг захирах уу?” гэж хэлсэн хүн хаа байна? Тэр хүмүүсийг авчрагтун. Бид тэднийг алах болно гэлцэв. 13Гэвч Саул
—Өнөөдөр хүн алж болохгүй. Учир нь өнөөдөр ЭЗЭН Израильд авралыг гүйцэлдүүлэв гэв.
14Тэгээд Самуел ардуудад
—Гилгал уруу явцгаая. Тэнд очин хаанчлалыг шинэчилцгээе гэж хэлэв. 15Тийнхүү бүх ардууд Гилгал уруу явж тэнд ЭЗЭНий өмнө тэд Саулыг хаан болгов. Тэд тэндээ бас ЭЗЭНий өмнө эвийн тахилын өргөлүүдийг өргөж, Саул болон Израилийн бүх хүмүүс агуу ихээр баярлацгаав.

Currently Selected:

1 САМУЕЛ 11: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in