YouVersion Logo
Search Icon

1 САМУЕЛ 6

6
1ЭЗЭНий авдар филистчүүдийн нутагт долоон сар байлаа. 2Филистчүүд тахилч нар болон мэргэч төлөгчдийг дуудан,
—Бид ЭЗЭНий авдрыг яах вэ? Түүнийг байсан газарт нь яаж буцаахыг бидэнд зааж өгөөч гэжээ. 3Тэд
—Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв. 4Тэгэхэд хүмүүс
—Бидний Түүнд өргөх гэмийн тахил нь юу байх вэ? гэж асуув. Тэд
—Филистийн ноёдын тоогоор таван алтан хавдар өвчин, таван алтан хулгана хий. Учир нь та бүгдийн дээр болон танай ноёдын дээр нэг л гамшиг буусан билээ. 5Та нар хавдар өвчнийхөө болон энэ газрыг хоосруулагч хулганыхаа дүрсүүдийг хийж, Израилийн Бурханыг алдаршуулбал, магадгүй та нараас, та нарын бурхдаас, мөн энэ нутгаас Бурхан мутраа холдуулна буй заа. 6Яагаад та нар египетчүүд болон Фараон сэтгэлээ хатууруулсны адил сэтгэлээ хатууруулна вэ? Бурхан тэдэнд хатуугаар хандахад тэд Израиль хүмүүсийг явуулсан бус уу? 7Тийм учраас одоо нэг шинэ тэрэг болон буулганд оруулж байгаагүй, тугалтай хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь салгаж, тугалын хашаанд хий. 8ЭЗЭНий авдрыг авч, тэргэн дээр тавь. Гэмийн тахил болгон Бурханд буцаах алтан эдлэлээ хайрцагт хийж, авдрын хажууд тавь. Дараа нь үүнийг зөнд нь явуулагтун. 9Тэр авдар нутгийнхаа замаар Бет-шемеш уруу явахыг харвал, Бурхан бидэнд энэ их гай зовлонг учруулсан гэсэн үг билээ. Харин хэрэв эс явбал биднийг цохисон нь Түүний мутар биш, энэ нь бидэнд санамсаргүй тохиолдов гэдгийг бид мэдэх болно гэв.
10Хүмүүс тийнхүү үйлдэж, тугалтай хоёр үнээ авч, тэргэнд хөллөн, тугалуудыг нь тугалын хашаанд хийж түгжжээ. 11Тэд ЭЗЭНий авдрыг бас алтан хулганууд болон хавдрынхаа дүрсүүдийг хийсэн хайрцгийг тэргэн дээр тавив. 12Үнээнүүд Бет-шемешийн зүг уруу чигээрээ явж, нэг замаа даган мөөрсөөр цаашлан, баруун тийш ч, зүүн тийш ч эргэсэнгүй. Филистийн ноёд Бет-шемешийн хил хязгаар хүртэл тэдний араас дагаж явав. 13Бет-шемешийн хүмүүс хөндийд улаан буудайныхаа ургацыг хурааж байгаад, нүдээ өргөн авдрыг харцгаав. Тэд авдрыг хараад ихэд баярлав. 14Өнөө тэрэг Бет-шемеш хүн Иошуагийн талбайд ирж, нэгэн бул чулууны дэргэд зогсов. Тэр хүмүүс тэрэгний модыг хагалан, үнээнүүдийг ЭЗЭНд шатаалт тахил болгон өргөв. 15Левичүүд ЭЗЭНий авдар болон түүнтэй хамт байсан алтан эдлэл хийсэн хайрцгийг авч, тэдгээрийг бул чулуун дээр тавив. Бет-шемешийн хүмүүс тэр өдөр ЭЗЭНд шатаалт тахилууд болон өргөгдсөн өргөлүүдийг өргөлөө. 16Филистийн таван ноён үүнийг үзээд, тэр өдөртөө Екрон уруу буцав.
17Филистчүүд гэмийн тахил болгон ЭЗЭНд буцаан өгсөн хавдар өвчний алтан дүрсүүд гэвэл нэг нь Ашдодын төлөө, нэг нь Газын төлөө, нэг нь Ашкелоны төлөө, нэг нь Гатын төлөө, нэг нь Екроны төлөө байв. 18Бас алтан хулганууд нь таван ноёнд харьяалагдах филистчүүдийн бүх хотууд болох бэхлэлттэй хотоос орон нутгийн тосгод хүртэлх хотуудын тооны дагуу байв. ЭЗЭНий авдрыг тавьсан бул чулуу нь өнөөдрийг хүртэл Бет-шемеш хүн Иошуагийн талбайд гэрчлэл болон буй ажээ.
19Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав. 20Бет-шемешийн хүмүүс
—Энэ ариун Бурхан, ЭЗЭНий өмнө хэн зогсож чадах вэ? Тэр Бурхан биднээс хэн уруу очих вэ? гэцгээв. 21Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж
—Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.

Currently Selected:

1 САМУЕЛ 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in