YouVersion Logo
Search Icon

1 ТИМОТ 5

5
1Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин эцэг шигээ ятга. Залуусыг ах дүү шигээ, 2настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор ханд.
3Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай. 4Хэрэв хэн нэг бэлэвсэн эмэгтэй үр хүүхэд, эсвэл ач гучтай бол тэднийг юуны өмнө өөрсдийн төрсөн гэр бүлийнхнийг хүндлэхэд болон эцэг эхийнхээ ачийг хариулахад суралцуул. Учир нь энэ нь Бурханы өмнө тааламжтай. 5Ганцаараа үлдсэн ганц бие бэлэвсэн эмэгтэй өөрийн найдварыг Бурханд тавьсан бөгөөд өдөр шөнөгүй байнга гуйж, залбирдаг. 6Харин зугаа цэнгэл дотор амьдрагч бэлэвсэн эмэгтэй нь амьд боловч үхсэн байна. 7Тэднийг гэм зэмгүй байлгахын тулд эдгээрийг тушаа. 8Харин хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм. 9Бэлэвсэн эмэгтэйн жагсаалтад орох эмэгтэй нь нэг хүний эхнэр байсан бөгөөд жараас доошгүй настай, 10сайн үйлсээрээ гэрчлэгдсэн, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлсэн, танихгүй хүмүүст зочломтгой байж, ариун хүмүүсийн хөлийг угаасан, зовсон хүмүүст тусламж үзүүлсэн ба аливаа сайн үйлсэд өөрийгөө зориулсан байх учиртай. 11Харин залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулахыг бүү зөвшөөр. Учир нь тэд Христийг үл ойшоож тачаангуй хүсэлдээ автахлаар гэрлэхийг хүсдэг. 12Тэд анхныхаа итгэлийг хойш нь тавьсан учир шийтгэл хүлээнэ. 13Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж. 14Тиймээс би залуу бэлэвсэн эмэгтэйчүүдийг гэрлэж, хүүхэд төрүүлж, гэрээ сахиж, буруутгах далим дайсанд өгөхгүй байгаасай гэж хүсэж байна. 15Учир нь зарим бэлэвсэн эмэгтэйчүүд хэдийн Сатаныг дагахаар эргэжээ. 16Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно.
17Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз. 18Учир нь Судар “Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг. 19Хоёр, эсвэл гурван гэрч байхгүй л бол ахлагчийн эсрэг буруутгалыг бүү хүлээж ав. 20Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно. 21Юуг ч ялгавар үзлээр хийлгүй, тал тохой таталгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэр элч нарын өмнө би чамд чухалчлан захья. 22Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга. 23Үүнээс хойш зөвхөн ус битгий уу. Харин ходоод чинь байнга тааруу байдаг тул бага зэрэг дарс хэрэглэ.
24Зарим хүмүүсийн нүгэл тэднийг шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно. 25Үүнтэй адил сайн үйлс нь илэрхий юм. Сайн бус үйлс нь далдлагдаж чадахгүй юм.

Currently Selected:

1 ТИМОТ 5: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in