YouVersion Logo
Search Icon

2 КОРИНТ 6

6
1Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай. 2Учир нь Тэр
“Би тааламжтай цагт чамайг сонссон.
Авралын өдөрт Би чамд тусалсан”
гэж айлддаг. Харагтун, одоо бол “Тааламжтай цаг” байна. Харагтун, одоо бол “Авралын өдөр” байна. 3Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. 4Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор, 5зодуур, шорон, үймээн самуун, ажил хөдөлмөр, нойргүйдэл болон өлсгөлөн дотор, 6цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дотор, 7үнэний үг болон Бурханы хүч дотор, баруун ба зүүн гар дахь зөвт байдлын зэвсгүүдээрээ, 8алдар хийгээд доромжлолоор, муу, сайн хэлэгдсэнээрээ тийн баталдаг. Мэхлэгчид шиг боловч үнэнч, 9цуутай биш юм шиг боловч цуутай, үхэгсэд шиг боловч харагтун, бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй, 10гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй, ядуу хоосон юм шиг боловч олон хүнийг баян болгогчид, юу ч байхгүй юм шиг боловч бүгдийг эзэмшигчид мөн.
11Коринтчууд аа, бид та нартай чөлөөтэй ярьсан. Бидний зүрх өргөнөөр нээгдсэн байна. 12Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж. 13Хариуд нь “Та нар ч гэсэн өргөнөөр нээлттэй бай” гэж би хүүхдүүддээ хэлдэгчлэн та нарт хэлж байна.
14Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ? 15Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? 16Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа
“«Би тэдний дотор оршино,
Би тэдний дунд алхана.
Би тэдний Бурхан болно.
Тэд Миний ард түмэн болно.
17Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг.
«Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч,
18Та нарын Эцэг чинь болно.
Та нар ч Миний хөвгүүд, охид болно» гэж
Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.

Currently Selected:

2 КОРИНТ 6: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in