YouVersion Logo
Search Icon

ҮЙЛС 13

13
1Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болох эш үзүүлэгч мөн багш нар байв. 2Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс
—Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв. 3Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
4Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. 5Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ. 6Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав. 7Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав. 8Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. 9Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,
10Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу? 11Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа. 12Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.
13Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ. 14Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув. 15Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,
—Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд 16Паул босож гараараа дохин ийн хэлэв.
—Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо! 17Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан. 18Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв. 19Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ. 20Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв. 21Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав. 22Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо” гэсэн байдаг. 23Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан. 24Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав. 25Иохан үйлсийнхээ цар хүрээг гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бишээ. Харин миний араас ирж буй нэгний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлсээр байсан. 26Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд болон та нарын дунд байгаа Бурханаас эмээгч хүмүүс ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм. 27Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ. 28Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн. 29Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив. 30Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд 31Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг. 32Бид эцэг өвгөдөд амлагдсан амлалтын тэрхүү сайн мэдээг л та нарт тунхаглаж байна. 33Дуулал номын хоёрдугаарт “Чи бол Миний Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлэв” гэж бичигдсэнчлэн, Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм. 34Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ. 35Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн “Та Өөрийнхөө Ариун Нэгэнийг ялзралд өгөхгүй” гэж айлдсан юм. 36Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу. 37Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг үзсэнгүй. 38Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна. 39Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно. 40Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил.
41“Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө!
Учир нь та нарын өдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан ч
Та нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно”
гэсэн байдаг гэлээ.
42Паул, Барнаб нарыг гарч явахад, хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа. 43Синагогийн хурал тарахад иудейчүүдээс болон Бурханаас эмээгч шинэ итгэгчдээс олонх нь Паул, Барнаб нарыг дагалдахад, тэр хоёр тэдэнтэй ярьж, Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байлаа.
44Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв. 45Гэвч хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг доромжлон үгүйсгэж байлаа. 46Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж,
—Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна. 47Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан.
“Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан.
Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна”
гэв. 48Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв. 49Эзэний үг бүх нутаг даяар түгж байлаа. 50Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэх хүмүүсийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав. 51Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдэн уруу сэгсрээд, Икониум уруу явжээ. 52Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байсаар байлаа.

Currently Selected:

ҮЙЛС 13: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ҮЙЛС 13