ҮЙЛС 21
21
1Бид тэднээс салж, хөвсөөр шууд Кост ирж, дараа өдөр нь Род уруу яван, тэндээсээ Патарт очив. 2Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав. 3Бидэнд Киприйн бараа харагдлаа. Тэр арлыг зүүн талдаа орхин бид Сири уруу хөвсөөр Тирд газардлаа. Юу гэвэл усан онгоц ачаагаа тэнд буулгах ёстой байлаа. 4Шавь нарыг олж, бид тэнд долоо хоног байлаа. Тэд Паулд Иерусалимд хөл тавихгүй байхыг Сүнсээр хэлэв. 5Бидний хоногууд дуусаж, явах болоход тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт хотоос гартал үдэв. Тэгээд тэнгисийн эрэг дээр өвдөг сөгдөн залбирцгаасны дараа бид бие биетэйгээ салах ёс гүйцэтгэв. 6Биднийг усан онгоцонд суухад тэд ч гэр өөдөө явцгаалаа.
7Бидний аялал өндөрлөж, Тирээс Птолемд ирж, ах дүү нартай мэнд амраа мэдэлцсэний хойно, тэдний хамт нэг хонолоо. 8Маргааш нь бид явж, Кайсарид хүрч ирээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээг тунхаглагч Филипийн гэрт очиж түүнтэй хамт байцгаав. 9Тэр хүн эш үзүүлэгч дөрвөн онгон охинтой байв. 10Биднийг тэнд хэд хоног байх үеэр Иудейгээс Агаб гэгч нэгэн эш үзүүлэгч ирэв. 11Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд
—Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж айлдаж байна гэв. 12Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим уруу явахгүй байхыг түүнээс гуйв. 13Тэгтэл Паул
—Юунд уйлж та нар зүрхийг минь өвтгөнө вэ? Би Эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд үхэхэд ч бэлэн байна гэлээ. 14Тэр нэгэнт ятгалгад автахгүй тул бид
—Эзэний хүслээр болтугай гээд дуугүй болцгоов.
15Энэ өдрүүдийн дараа бид явахад бэлэн болж, Иерусалим уруу явлаа. 16Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг эртний дагалдагч Киприйн Мнасоныд хоног төөрүүлэхээр хүргэж өгөв.
17Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа. 18Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа. 19Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв. 20Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд
—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд 21тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон. 22Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно. 23Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий. 24Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно. 25Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв. 26Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, цэвэршилтийн өдрүүд дуусах болон хүн тус бүрийн төлөө тахил өргөх өдрийг мэдэгдэв.
27Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад
— 28Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, Хууль болон энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекчүүдийг сүмд оруулж энэ ариун газрыг бузарласан гэж хашхиран хэлэв. 29Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ. 30Хот бүхэлдээ хөдөлж, хүмүүс олноороо цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа. 31Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв. 32Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн уруу гүйн очив. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг занчихаа болив. 33Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв. 34Гэвч цугласан олны дундаас зарим нь нэг зүйлийг хашхирч байхад зарим нь ондоо зүйлийг хашхиралдахад чухамдаа юу болсныг шуугианаас олж мэдэж чадаагүй учир тэр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. 35Паулыг шатан дээр гарч ирэхэд шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрчээ. 36Учир нь хурсан олон араас нь дагасаар
—Түүнийг тонилго хэмээн хашхирч байлаа.
37Паул хуаран уруу орох гэж байхдаа мянгатын даргад
—Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр
—Та грек хэл мэддэг юм уу? 38Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв. 39Харин Паул
—Би бол Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг олон түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ. 40Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд хандаж Паул еврей хэлээр ингэж хэллээ.
Currently Selected:
ҮЙЛС 21: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society