YouVersion Logo
Search Icon

ҮЙЛС 4

4
1Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв. 2Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа. 3Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв. 4Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.
5Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав. 6Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа. 7Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,
—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв. 8Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,
—Ахлагчид болон ард түмний захирагчид аа! 9Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол, 10та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй. 11Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм. 12Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.
13Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв. 14Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй. 15Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн,
16Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй. 17Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв. 18Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав. 19Гэвч Петр, Иохан нар тэдэнд
—Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ. 20Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ. 21Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа. 22Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.
23Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав. 24Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн
—Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ. 25Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,
“Яагаад харь үндэстнүүд уурсаж,
Ард олон дэмий зүйл сэднэ вэ?
26Газрын хаад ирж,
Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав”
гэсэн. 27Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ. 28Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой. 29Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч. 30Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв. 31Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.
32Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв. 33Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой. 34Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч, 35элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа.
36Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь 37өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.

Currently Selected:

ҮЙЛС 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in