НОМЛОГЧИЙН ҮГС 7
7
1Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр,
Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу.
2Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу очсон нь дээр.
Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд
Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм.
3Инээснээс уйлсан нь дээр.
Учир нь царай нь гунигтай байвч,
Зүрх нь жаргалтай байж болох буюу.
4Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,
Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
5Тэнэгийн дуулахыг сонссоноос
Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөд
Энэ нь бас л утгагүй.
7Хавчлага дарамт нь мэргэдийг солиоруулах бөгөөд
Алив хахууль нь сэтгэлийг эвддэг ажээ.
8Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж.
Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм буюу.
9Уур тэнэгийн цээжинд оршдог учраас
Уурлах сэтгэлийг бүү урьтал болго.
10“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.
Ингэж асуух нь цэцэн ухааных биш.
11Өвлөгддөг мэргэн ухаан нь эрхэм бөгөөд
Нарыг харагчдад үнэтэй буюу.
12Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм.
Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.
13Бурханы ажлыг эргэцүүлэгтүн.
Түүний муруйлгасныг хэн шулуун болгох чадалтай билээ.
14Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,
Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.
Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.
15Би утгагүй амьдралынхаа туршид юм бүрийг л үзэв. Зөв хүн шударга байдал дотроо үхэж байхад, бузар хүн худал дотроо удаан амьдрах ажээ. 16Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? 17Битгий хэт балмад бай, битгий тэнэг бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж? 18Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдийн хамт ирдэг.
19Мэргэн ухаан ухаантныг хотын арван захирагчаас ч илүү хүчирхэгжүүлдэг. 20Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө. 21Мөн ярианы бүх үгэнд анхаарал хандуулах хэрэггүй, боол чинь чамайг хараах аваас бүү чагна. 22Үүний адил олон удаа бусдыг харааж байснаа чиний зүрх мэдэх билээ.
23Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа. 24Юу байсан нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ? 25Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн балмад, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв. 26Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.
27“Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж Номлогч хэлэхдээ, тайлбарыг олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн, 28би үүнийг одоо хүртэл эрсээр байгаа боловч олоогүй. Мянгаас нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй. 29Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм.
Currently Selected:
НОМЛОГЧИЙН ҮГС 7: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society