YouVersion Logo
Search Icon

ГАЛАТ 4

4
1Гэхдээ хэдийгээр өв залгамжлагч нь бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа боолоос ялгагдах юмгүй байдаг, 2харин тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг гэж хэлэх байна. 3Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан. 4Харин цаг нь болоход Бурхан эмэгтэй хүнээс Хуулийн дор төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн юм. 5Энэ нь Хуулийн дор байгсдыг золихын тулд юм. Ингэснээр бид хөвгүүд нь адил үрчлэлийг авах юм. 6Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Аав, Эцэг” гэж дууддаг. 7Тиймээс чи цаашид боол биш, харин хүү нь мөн. Хэрэв хүү нь байх аваас Бурханаар дамжуулан өв залгамжлагч нь мөн байна.
8Тэгвэл та нар Бурханыг мэдэхгүй байх тэр үедээ мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан. 9Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ? 10Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгаадаг. 11Би та нарын төлөө дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх вий гэж та нарын төлөө айж байна.
12Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй. 13Махан биеийнхээ сул доройгоос болж та нарт сайн мэдээг анх удаа би тунхагласныг та нар мэднэ. 14Миний махан бие та нарт сорилт болсон ч та нар басамжилж, жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэр элч адил, Христ Есүс адил хүлээж авсан. 15Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Учир нь хэрэв та нар болдогсон бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье. 16Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ би та нарын дайсан болсон хэрэг үү? 17Та нарын төлөөх тэдний хичээнгүй байдал нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс салгахыг хүсдэг аж. 18Намайг зөвхөн та нарын хажууд байхад ч биш, харин магтууштай үйлсийн дотор үргэлж хичээнгүй байх нь сайн юм. 19Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахиж эдэлж байна. 20Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.
21Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү? 22Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг. 23Харин шивэгчний хүү махан биеийн дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. 24Энэ нь үлгэрлэсэн зүйл юм. Учир нь тэр хоёр эмэгтэй бол хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ. 25Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна. 26Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. 27Учир нь
“Төрдөггүй, хүүсэр эмэгтэй баярлагтун.
Төрөх зовлонг эдлээгүй чи баяс, хашхир.
Яагаад гэвэл ганц бие эмэгтэй нь
нөхөртэй нэгнийхээс илүү олон хүүхэдтэй болно”
гэж бичигдсэн байдаг. 28Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. 29Харин тэр үед махан биеэр төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсантай адил түүнчлэн эдүгээ мөн тэгж байна. 30Гэтэл Судар юу гэж хэлдэг вэ?
“Шивэгчний хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлах ёсгүй учраас
Шивэгчин болон түүний хүүг хөөж явуул” гэдэг.
31Тиймээс ах дүү нар аа, бид шивэгчнийх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд билээ.

Currently Selected:

ГАЛАТ 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in