YouVersion Logo
Search Icon

ЭХЛЭЛ 16

16
1Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв. 2Сараи Абрамд
—ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ. 3Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ. 4Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов. 5Сараи Абрамд
—Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв. 6Абрам Сараид
—Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.
7ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж,
8Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр
—Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ. 9ЭЗЭНий тэнгэр элч түүнд
—Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд, 10ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас
—Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв. 11ЭЗЭНий тэнгэр элч түүнд бас
—Чи одоо жирэмсэн байна.
Чи хүү төрүүлнэ.
Түүнийг Ишмаел гэж нэрлэ.
Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.
12Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно.
Түүний гар хүн бүхнийг цохиж,
Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд
Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болно
гэв. 13Хагар өөртэйгөө ярьсан ЭЗЭНийг “Та бол хардаг Бурхан” гэж нэрлэжээ. Учир нь Хагар “Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв. 14Тийм учраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.
15Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв. 16Хагар Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.

Currently Selected:

ЭХЛЭЛ 16: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in