YouVersion Logo
Search Icon

ЭХЛЭЛ 4

4
1Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж,
—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. 2Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ. 3Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. 4Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч, 5Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. 6ЭЗЭН Каинд хандаж
—Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ? 7Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой. 8Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.
9ЭЗЭН
—Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин
—Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. 10ЭЗЭН
—Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна. 11Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч, 12чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв. 13Каин ЭЗЭНд хандаж,
—Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй. 14Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. 15ЭЗЭН түүнд хандаж
—Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.
16Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов. 17Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв. 18Енох Ирадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ. 19Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой. 20Адагаас Иабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов. 21Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов. 22Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг юм. 23Ламех эхнэрүүддээ хандан
—Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо!
Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо!
Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа,
Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.
24Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол,
Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.
25Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв.
—Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв. 26Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.

Currently Selected:

ЭХЛЭЛ 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in