YouVersion Logo
Search Icon

ИСАИА 14

14
1ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.
3Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна.
“Дарангуйлагчийн төгсгөл ирэв.
Түүний уур хилэн эцэслэв.
5ЭЗЭН хилэнцтэний таягийг,
захирагчдын очирт таягийг хугалжээ.
6Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,
зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.
7Бүх газар амарч,
анир чимээгүй болж,
баяр баясгалангийн уухайг хадаана.
8Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж
«Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.
9Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.
Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,
үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
10Тэд бүгд чамд хариулан
«Чи ч бидэн шиг сул дорой болсон.
Чи бидэнтэй адил болсон.
11Чиний бүх жавхлан,
чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав.
Чиний доор өт тархан,
хорхойнууд чиний бүтээлэг болно».
12Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.
Чи яаж тэнгэрээс унав аа?
Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!
13Учир нь чи зүрхэндээ
«Би тэнгэр уруу гарна.
Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.
Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.
14Би үүлсийн орой дээр гарна.
Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.
15Гэвч чи Үхэгсдийн орон уруу,
нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.
16Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч
«Дэлхийг донсолгон,
хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?
17Ертөнцийг цөл мэт болгон,
хотуудыг нь бусниулсан,
хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.
18Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.
19Харин чи жигшигдсэн гишүү мэт,
хөлд гишгэгдэх хүүр мэт,
сэлмэнд сийчүүлж,
нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.
20Чи газар нутгаа сүйтгэж,
ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.
Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
21Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.
Тэд босож, газрыг эзэмшиж,
ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй”.
22“Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна. 23“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 24Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ. 25Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна. 26Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм. 27Учир нь түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөн зүйлийг хэн өөрчилж чадах вэ? Түүний сунгасан мутрыг хэн буцааж чадах вэ?” гэв. 28Ахаз хааны нас барсан жил энэ зөн ирлээ.
29“Бүх филистчүүд ээ.
Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун.
Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх бөгөөд
түүний үр жимс нь нисэгч галт могой юм.
30Үгээгүй гуйлгачин идэж,
ядуус аюулгүй амгалан хэвтэнэ.
Би чиний үндсийг өлсгөлөнгөөр үхүүлнэ.
Үлдэгсэд чинь ингэж алагдана.
31Дааман хаалга минь, уйлагтун!
Хотууд аа, цурхиран уйл!
Филистчүүд ээ, та нар бүгдээрээ сарниж алга бол!
Юу гэвэл умардаас утаа ирж байна.
Түүний эгнээнд бадарчин алга.
32Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ?
ЭЗЭН Сионы суурийг тавьсан.
Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.

Currently Selected:

ИСАИА 14: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИСАИА 14