YouVersion Logo
Search Icon

ИСАИА 48

48
1Израиль гэж нэрлэгдсэн Иаковын гэр ээ! Үүнийг сонс!
Чи Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд ЭЗЭНий нэрээр тангараглаж,
Израилийн Бурханыг дууддаг боловч үнэн зөв дотор байдаггүй.
2Учир нь тэд өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд,
Израилийн Бурханд түшиж байна.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.
3“Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан,
Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан.
Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.
4Яагаад гэвэл чи зөрүүд,
чиний хүзүү чинь төмөр булчин,
магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.
5Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн.
«Миний шүтээн үүнийг хийсэн,
миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.
6Чи сонссон.
Энэ бүгдийг харагтун.
Чи үүнийг зарлахгүй юу?
Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмс,
тэр ч бүү хэл чиний мэдээгүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.
7Тэдгээр нь урьд өмнө нь биш,
саяхан бүтээгдсэн юм.
Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.
«Хараач, би тэдгээрийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд ингэсэн юм.
8Чи сонсоогүй, мэдээгүй.
Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан.
Учир нь чи бол урван тэрслэгч,
төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.
9Өөрийнхөө нэрийн төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,
Өөрийгөө алдаршуулахын тулд Би чамайг тасталгүй тэвчсэн юм.
10Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн.
Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан.
11Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ.
Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ?
Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй.
12Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа.
Би бол Тэр мөн.
Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн.
13Миний мутар газрыг үндэслэн,
Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв.
Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.
14Та нар бүгдээрээ цуглаж, сонсогтун.
Тэднээс хэн нь эдгээр зүйлсийг тунхагласан бэ?
ЭЗЭН түүнийг хайрладаг.
Тэр Түүний сайн тааллыг Вавилон дээр авчирна.
Түүний мутар халдеичуудын эсрэг байна.
15Би, зөвхөн Би айлдсан.
Үнэхээр Би түүнийг дуудсан.
Би түүнийг авчирсан бөгөөд Тэр түүний замыг өлзийтэй байлгана.
16Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!
Би эхнээсээ нууцаар яриагүй.
Энэ явдал болох үеэс Би тэнд байсан юм.
Одоо Эзэн БУРХАН Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв”.
17Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн.
Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг.
18Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал,
чиний энх амгалан байдал гол мэт,
чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно.
19Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно.
Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тастагдахгүй, устгагдахгүй”.
20Вавилоноос гарч,
халдеичуудаас зугтаа!
“ЭЗЭН Өөрийн боол Иаковыг аварлаа” гэж баярт дуугаар зарлаж,
үүнийг тунхаглан, газрын хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.
21Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй.
Тэр тэдний төлөө хаднаас ус гаргаж,
хадыг хагалан ус оргилуулав.
22“Хилэнцтэнд амар тайван байхгүй” гэж ЭЗЭН айлдав.

Currently Selected:

ИСАИА 48: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in