YouVersion Logo
Search Icon

ИСАИА 49

49
1Арлууд аа. Намайг сонсогтун.
Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.
Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан.
Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.
2Тэр Миний амыг хурц илд мэт болгон,
мутрынхаа нөмөрт Намайг далдалж,
шилмэл сум мэт болгон,
саадаг дотроо Намайг нуусан.
3Тэр Надад “Израиль аа. Чи Миний Зарц.
Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.
4Харин Би
“Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.
Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,
Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.
5Иаковыг Өөртөө буцаан авчирч,
Израилийг Өөртөө цуглуулахын тулд
Намайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.
(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.
Миний Бурхан Миний хүч болсон.)
6Тэр “Иаковын овгуудыг босгон,
Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг.
Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.
7Үндэстнүүдэд үзэн ядагдсан,
басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч,
түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно,
ноёд ч мөн бөхийнө”.
8ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тааламжтай цагт Би Чамд хариулж,
авралын өдөр Би Чамд тусалсан.
Би Чамайг хамгаалан,
Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,
газрыг дахин сэргээж,
сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана.
9Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ.
Замын дагуу тэд идээшлэн,
бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно.
10Тэд өлсөхгүй, цангахгүй.
Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.
Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан,
усны ундарга уруу дагуулна.
11Би Өөрийн бүх уулсыг зам болгож,
Өөрийн замуудыг босгоно.
12«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».
13Тэнгэр ээ, баярлан орилогтун.
Газар аа, баясагтун.
Уулс аа, бахдан дуулагтун.
Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулсан бөгөөд
Өөрийн зовсон хүмүүсийг энэрэх болно.
14Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан.
Эзэн намайг мартсан» гэв.
15«Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж чадах уу?
Төрүүлсэн хөвгүүнээ энэрэхгүй байж чадах уу?
Хэдийгээр тэр мартаж болох ч, Би чамайг мартахгүй.
16Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн.
Чиний хэрмүүд үргэлж Миний өмнө байдаг.
17Чиний хөвгүүд яарна.
Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.
18Нүдээ өргөн, эргэн тойрноо харагтун.
Тэд бүгдээрээ хамтдаа цуглан, чам уруу ирж байна» ЭЗЭН тунхаглаж байна.
«Би Өөрийн амьд буйгаар тангараглая.
Чи тэднийг чимэглэл мэт зүүж,
сүйт бүсгүй мэт гоёх болно.
19Учир нь эвдэрсэн хоосорсон балгас,
сөнөсөн газар чинь одоо чамайг оршин суухад хэтэрхий давчдах болно.
Чамайг залгигчид холдоно.
20Чиний хагацлын хүүхдүүд чихэнд чинь
«Энэ газар надад хэтэрхий давчуу байна.
Надад амьдарч болох өрөө өгөөч» гэж хэлнэ.
21Тэгэхэд чи зүрхэндээ
«Би хүүхдүүдээсээ хагацсан, хүүсэр бөгөөд цөлөгдсөн тэнүүлч учраас хэн тэднийг надад төрүүлэх вэ?
Хэн тэднийг өсгөх вэ?
Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан.
Тэд хаанаас ирсэн бэ?» гэж хэлнэ”.
22Эзэн БУРХАН айлдаж байна.
“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн,
ард түмнүүдэд Өөрийн тугийг босгоно.
Тэд чиний хөвгүүдийг энгэртээ,
охидыг чинь мөрөн дээрээ авчирна.
23Хаад чиний тэжээгчид,
гүнжүүд нь чиний өрлөг эх болж,
чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн,
хөлийн чинь тоосыг долооно.
Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.
Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.
24Хүчтэй хүнээс олзыг нь авч,
харгислагчийн хоригдлуудыг аварч чадах уу?»
25Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч,
харгислагчдаас олзыг нь аварна.
Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж,
хөвгүүдийг чинь аврах болно.
26Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно.
Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно.
ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч,
Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.

Currently Selected:

ИСАИА 49: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ИСАИА 49