ИАКОВ 5
5
1Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө гашуудан уйл. 2Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ. 3Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ. 4Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ. 5Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна. 6Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.
7Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм. 8Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал. 9Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна. 10Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун. 11Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.
12Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “за” нь за, “үгүй” нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.
13Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. 14Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. 15Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. 16Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17Елиа бол бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг залбирахад гурван жил зургаан сарын турш газарт бороо ороогүй билээ. 18Түүнийг дахин залбирахад, тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм.
19Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, 20хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг түүнд мэдүүлэгтүн.
Currently Selected:
ИАКОВ 5: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society