YouVersion Logo
Search Icon

ИОХАН 12

12
1Тэгээд Дээгүүр Өнгөрөх баяраас зургаан өдрийн өмнө Есүс Бетанд иржээ. Тэнд Есүсийн үхлээс амилуулсан Лазар байлаа. 2Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байв. Харин Есүстэй хамт тухлан сууж байсан хүмүүсийн нэг нь Лазар байв. 3Тэгтэл Мариа маш үнэтэй цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тослож, үсээрээ хөлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. 4Харин Есүсийн шавь нарын нэг буюу Түүнийг барьж өгөхийг бодож байсан Искариотын Иудас
5Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж, ядууст өгсөнгүй вэ? гэв. 6Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ. 7Тэгтэл Есүс
—Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. 8Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.
9Үй олон иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр иржээ. 10Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. 11Учир нь Лазараас болж иудейчүүдээс олон хүн явж, Есүст итгэж байлаа.
12Маргааш нь баярт ирсэн үй олон хүн Есүсийг Иерусалим уруу ирж явааг сонсоод, 13далдуу модны мөчрийг барьж, Түүнийг угтахаар гарч,
—Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. 14Есүс залуу илжиг олж унасан байв. Энэ нь 15«Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. 16Шавь нар нь эдгээр зүйлсийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед эдгээр нь Түүний тухай бичсэн байсныг, мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэн гэдгийг нь санажээ. 17Есүс Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад нь Түүнтэй хамт байсан олон түмэн Есүсийг гэрчилж байлаа. 18Тиймээс олон түмэн Есүсийн эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав. 19Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо
—Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас бүгд дагалаа гэцгээв.
20Баяраар Бурханд мөргөхөөр ирсэн хүмүүсийн дунд хэдэн Грек хүн байлаа. 21Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс
—Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд 22Филип явж Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. 23Есүс тэдэнд
—Хүний Хүүгийн алдарших цаг нь ирлээ. 24Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно. 25Өөрийн амийг хайрлагч хүн түүнийгээ алдана. Энэ ертөнцөд өөрийн амийг үзэн яддаг хүн түүнийгээ мөнх аминд хүртэл хамгаалах болно. 26Хэрэв Надад үйлчлэх хүн байвал, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Хэрэв хүн Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.
27Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн. 28Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс
—Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэсэн дуу гарлаа. 29Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод
—Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь
—Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв. 30Есүс
—Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. 31Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. 32Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна хэмээн айлдлаа. 33Тэр Өөрөө ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ. 34Хурсан олон Түүнд
—Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. 35Есүс тэдэнд
—Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй. 36Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ.
Есүс ийн айлдсаны дараа тэднээс салан явж нуугдав. 37Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. 38Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. 39Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас 40«Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатуу болгосон. Ингэснээр тэд нүдээрээ харж, зүрхээрээ ухаарч, эргэж буцахгүй бөгөөд Би тэднийг эдгээхгүй юм» гэсэн. 41Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. 42Хэдий тийм боловч захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ. 43Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.
44Есүс хашхиран
—Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. 45Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. 46Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. 47Хэрэв Миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал, Би түүнийг шүүхгүй. Учир нь Би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. 48Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч бий. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ. 49Яагаад гэвэл Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм. 50Түүний тушаал бол мөнх амь мөн гэдгийг Би мэднэ. Тиймээс Миний хэлж байгаа зүйлс нь Эцэгийн Надад хэлж байгааг Би хэлж байгаа юм гэж айлдлаа.

Currently Selected:

ИОХАН 12: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in