YouVersion Logo
Search Icon

ИОВ 37

37
1Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.
2Түүний дуу хоолойн аянгыг болон
Түүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.
3Тэрээр бүхэл тэнгэрийн дор аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.
4Араас нь дуу нижигнэдэг.
Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж,
дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.
5Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн
Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
6Тэрээр цасанд “Газарт уна”,
намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.
7Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг нь
Өөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
8Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж,
нүхэндээ хоргоддог бөлгөө.
9Өмнөдөөс хуйлрах салхи,
умард зүгээс хүйтэн ирдэг.
10Бурханы амьсгалаар мөс бий болж,
усны мандал хөлддөг билээ.
11Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг.
Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
12Түүний заавраар эргэж,
үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээр
Түүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.
13Шийтгэхийн тулд ч,
Өөрийн ертөнцдөө зориулан,
эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.
14Иов оо, үүнийг сонс.
Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
15Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж,
Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
16Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болон
мэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
17Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхад
та нарын хувцас дулаан байдаг.
18Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг
чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
19Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч.
Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.
20Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү?
Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?
21Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс хардаггүй боловч,
салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулдаг.
22Умардаас алтан сүр жавхлан ирж,
Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.
23Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй.
Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд
шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.
24Иймээс хүмүүс Түүнээс эмээдэг.
Тэрээр зүрхэндээ мэргэн хэмээгч хэнийг ч ойшоодоггүй гэв.

Currently Selected:

ИОВ 37: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in