ИОШУА 2
2
1Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж
—Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов. 2Харагтун, Израилийн хөвгүүд энэ нутгийг тандахаар өнөө орой ирчихээд байгаа нь Иерихогийн хаанд дуулдав. 3Иерихогийн хаан Рахабт
—Танайд ирж, гэрт чинь орсон хүмүүсийг авчир. Учир нь тэд энэ нутгийг бүхэлд нь тандахаар ирсэн билээ гэсэн мэдээг явуулав. 4Харин өнөөх эмэгтэй хоёр эрийг нуун далдалж, хэлэхдээ
—Тийм ээ. Над дээр хүмүүс ирсэн. Гэвч хаанаас ирснийг нь би мэдсэнгүй. 5Хаалга хаах цаг болох үеэр, үдшийн бүрэнхийгээр тэд гарч явсан. Тэр хүмүүс хаашаа явсныг би мэдэхгүй. Тэднийг гүйцэх учир араас нь хурдан мөшгөн хөөцгөө гэлээ. 6Харин тэр өөрөө тэднийг дээвэр дээр гарган, тэнд дэвссэн маалингын ишин дунд нуусан байжээ. 7Ингээд нөгөө хүмүүс Иорданы гарам хүртэлх замаар туршуулуудын хойноос мөшгөсөн ба мөшгөгчдийг явмагц хаалга хаагджээ.
8Ингээд нөгөө хоёрыг хажуулахын өмнө Рахаб тэдэн уруу дээвэр дээр гарч, 9тэдэнд
—ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна. 10Учир нь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ. 11Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх мохож, хэнд ч зориг үлдсэнгүй. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ. 12Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч, 13миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарагдах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв. 14Эрчүүд түүнд
—Хэрэв чи бидний хэргийг ярихгүй бол бидний амь та нарын үхлийн оронд яваг. ЭЗЭН бидэнд энэ нутгийг өгөхөд бид та нартай энэрэнгүй бөгөөд үнэнчээр хандах болно гэлээ.
15Тэр эмэгтэйн амьдарч байсан байшин нь хотын хананд байсан учраас тэр тэднийг цонхоороо олсоор дамжуулан доош буулгав. 16Эмэгтэй тэдэнд
—Мөшгөгчидтэй тааралдахгүйн тулд уулархаг нутаг уруу яв. Тэднийг буцаж иртэл тэндээ гурав хоног нуугд. Түүний дараа та нар замаараа явж болно гэв. 17Тэр эрчүүд түүнд
—Чи биднээр өөртөө тангараглуулсан энэ тангаргаас чинь бидний чөлөөлөгдөх нөхцөл бол 18биднийг энэ нутагт орж ирэх үед, чи биднийг буулгасан цонхноосоо энэ час улаан уяаг уяагүй, мөн эцэг эх, ах дүү болон эцгийнхээ бүхий л гэр орныхныг гэртээ цуглуулаагүй тохиолдолд байх юм. 19Хэрэв хэн нэгэн хүн гэрээс чинь гудамж уруу гарвал, түүний цус өөрийнх нь толгой дээр буух бөгөөд бид үүнд хариуцлага хүлээхгүй. Харин гэрт чинь байгаа хэн нэгэнд аливаа хүн гар хүрэх юм бол цус нь бидний толгой дээр бууна. 20Харин чи бидний энэ хэргийг ярих юм бол чи биднээр тангараглуулсан тангаргаас бид чөлөөлөгдөх болно гэв. 21Эмэгтэй
—Та нарын хэлснээр болог гэв. Ийнхүү тэр тэднийг явуулж, тэд салцгаав. Тэгээд тэр эмэгтэй час улаан уяаг цонхноосоо уяв.
22Тэд салан явж, уулархаг нутагт очоод, мөшгөгчдийг буцтал гурав хоног тэндээ байв. Мөшгөгчид тэднийг бүхий л замын туршид хайсан боловч олсонгүй. 23Дараа нь нөгөө хоёр хүн уулархаг нутгаас эргэн ирж, голыг гатлан, Нуны хүү Иошуа дээр очоод өөрсдөд нь тохиолдсон бүхнийг ярив. 24Тэд Иошуад хэлэхдээ
—ЭЗЭН үнэхээр бүх нутгийг бидний гарт өгсөн аж. Түүгээр барахгүй тэр нутгийн бүх оршин суугчид бидний өмнө зүрх алдаж байна гэлээ.
Currently Selected:
ИОШУА 2: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society