ИОШУА 24
24
1Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв. 2Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв. 3Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн. 4Исаакт Би Иаков болон Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ. 5Дараа нь Би Мосе, Аарон хоёрыг илгээсэн бөгөөд Өөрийн хийсэн зүйлсүүдээр Египетэд гамшгийг учруулсан. Үүний дараа Би та нарыг тэндээс гаргасан. 6Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв. 7Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав. 8Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ. 9Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм. 10Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан. 11Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв. 12Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм. 13Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв.
14Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил. 15Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.
16Ард олон хариулан хэлсэн нь
—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг. 17Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ. 18Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.
19Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь
—Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ. 20Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв. 21Ард олон Иошуад
—Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд 22Иошуа ард олонд
—Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд
—Бид гэрч нар мөн гэлээ.
— 23Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв. 24Ард олон Иошуад
—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ. 25Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв. 26Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав. 27Иошуа бүх ард олонд
—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв. 28Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.
29Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв. 30Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав. 31Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв.
32Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов. 33Мөн Аароны хүү Елеазар нас барсан ба тэд түүнийг түүний хүү Финехаст нь Ефраимын уулархаг нутагт хуваарилагдсан Гибеагийн толгодод нутаглуулав.
Currently Selected:
ИОШУА 24: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society