YouVersion Logo
Search Icon

ЛУК 1

1
1Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ. 2Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан, 3бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь. 4Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү.
5Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр нь Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв. 6Тэд хоёулаа Эзэний аливаа тушаал шаардлагыг гэм зэмгүйгээр дагаж, Бурханы өмнө зөвт байлаа. 7Елизабет хүүсэр байсан учир тэд үр хүүхэдгүй байв. Тэгээд ч тэд хоёулаа өтөлсөн байв.
8Захариа бүлгийнхээ ээлж ёсоор Бурханы өмнө тахилчийн албыг гүйцэтгэж байх зуур ийм явдал тохиожээ. 9Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд таарсан байна. 10Утлага уугиулах цагт, цугларсан олон бүгд гадаа нь залбирцгааж байжээ. 11Эзэний тэнгэр элч утлагын тахилын ширээний баруун талд зогсож байгаа нь түүнд үзэгдэв. 12Захариа түүнийг хармагцаа сандарч, айжээ. 13Харин тэнгэр элч түүнд хандан
—Захариа аа, бүү ай. Учир нь чиний гуйлт сонсогдсон бөгөөд эхнэр Елизабет чинь чамд хүү төрүүлнэ. Чи түүнд Иохан гэдэг нэр өгөх болно. 14Чи баяр жаргалтай болж, олон хүн түүнийг төрөхөд баясна. 15Учир нь тэр Эзэний өмнө агуу болох бөгөөд дарс, эсвэл согтоох ундааг хэзээ ч амсахгүй. Эхийнхээ хэвлийд байхдаа ч Ариун Сүнсээр тэр дүүрэн байх болно. 16Тэр Израилийн хөвгүүдээс олныг Бурхан Эзэнд нь эргүүлэн хандуулах болно. 17Эцгүүдийнх нь зүрхийг хүүхдүүд уруу нь, дуулгаваргүй нэгнийг зөвт хүмүүсийн мэргэн ухаанд буцаахын тулд Эзэний өмнө Елиагийн хүч болоод сүнс дотор явна. Тийнхүү Эзэний төлөө бэлтгэгдсэн хүмүүсийг бэлэн болгох юм гэжээ.
18Захариа тэнгэр элчид
—Би үүнийг хэрхэн мэдэх билээ? Би хөгшин хүн, эхнэр маань ч өтөлсөн гэхэд, 19тэнгэр элч хариуд нь түүнд
—Би бол Бурханы оршихуйд зогсогч Габриел гэгч агаад энэхүү сайн мэдээг чамд авчирч өгөн, чамд хэлэхээр илгээгдсэн юм. 20Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ. 21Хүмүүс Захариаг хүлээн, түүнийг сүмд удсанд гайхацгааж байлаа. 22Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров. 23Тахилчийн алба гүйцэтгэх өдрүүд дуусахад, тэр гэртээ харив. 24Хэд хоногийн дараа эхнэр Елизабет нь жирэмслэн, таван сарын турш хүний нүдэнд үл өртөж,
25Хүмүүсийн дунд буй шившгийг минь зайлуулахаар Эзэн над уруу таалан харж, энэ өдрүүдэд үүнийг надад бүтээн өгсөн нь энэ ажээ гэв.
26Тэнгэр элч Габриелыг Бурхан Галилын Назар хот уруу зургадугаар сард илгээсэн ажээ. 27Габриел Давидын удмын Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв. 28Орж ирээд тэнгэр элч түүнд
—Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. 29Харин Мариа энэ үгэнд ихэд цочиж, энэ нь юун мэндчилгээ байж болох талаар бодож цэгнэв. 30Тэнгэр элч түүнд
—Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ. 31Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. 32Тэр Хүү аугаа Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. 33Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна гэсэнд, 34Мариа тэнгэр элчид
—Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд 35тэнгэр элч
—Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно. 36Үзэгтүн, чиний садан Елизабет мөн өтөл насандаа хүүтэй болж, хүүсэр гэгдэж байсан тэр эмэгтэй одоо зургаан сартай. 37Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв. 38Мариа
—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэр элч түүнийг орхин одлоо.
39Тэр өдрүүдэд Мариа босоод уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж, 40Захариагийн гэрт орж Елизабеттай мэндлэв. 41Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрч, 42чанга дуугаар хашхиран
—Эмэгтэйчүүдийн дундаас ерөөлтэй нь чи мөн. Хэвлий дэх үр чинь ерөөлтэй еэ! 43Эзэний минь эх над дээр ирж яаж болох билээ? 44Харагтун, мэндийн дуу чинь миний чихнээ сонсогдмогц хэвлий дэх үр минь баярлан хөдлөв. 45Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй ерөөлтэй еэ! хэмээв. 46Мариа
—Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ,
47сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан.
48Учир нь Эзэн шивэгчнийхээ даруу байдлыг харав.
Харагтун, энэ цагаас хойш бүх үеийнхэн намайг ерөөлтэй гэж тооцох болно.
49Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв.
Түүний нэр ариун билээ.
50Түүний өршөөл Түүнээс эмээгчдэд үеэс үед дамжин байх болно.
51Тэр Өөрийн мутраар хүчит үйлсийг бүтээж,
зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан билээ.
52Удирдагчдыг сэнтийнээс нь буулган,
даруу байгсдыг Тэр өргөмжлөв.
53Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,
баячуудыг гар хоосон буцаав.
54Өөрийнхөө зарц болох Израильд Тэр туслан,
өршөөлөө дурсаж,
55бидний эцэг өвгөдөд айлдсанчлан,
Абрахамыг болоод үр удмыг нь үүрд өршөөнө
гэжээ.
56Мариа Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.
57Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв. 58Эзэн түүнд агуу өршөөлөө үзүүлснийг хөршүүд нь болон төрөл садангууд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа. 59Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийн хөвчийг хөндөхөөр ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь 60түүний эх
—Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв. 61Тэд түүнд
—Чиний төрөл садан дотор ийм нэртэй хүн ер байхгүй шүү дээ гээд, 62эцгээс нь хүүг хэн гэж нэрлэхийг хүсэж байгааг нь дохио зангаагаар асуухад, 63Захариа самбар гуйж, дээр нь «Хүүгийн нэр нь Иохан» гэж бичихэд тэд бүгд гайхаж хоцров. 64Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв. 65Тэдний эргэн тойронд амьдардаг бүх хүмүүс айдаст автаж, Иудейн бүх уулархаг нутгаар энэ бүхний тухай яриа болж байлаа. 66Үүнийг сонссон бүхэн бодол санаандаа хадгалж
—Энэ хүүхэд тэгвэл юу болох бол? гэцгээж байв. Учир нь Эзэний мутар гарцаагүй түүний хамт байлаа.
67Эцэг Захариа нь Ариун Сүнсээр дүүрч, эш үзүүлэн,
68—Израилийн Бурхан Эзэн магтагдах болтугай!
Юу гэвэл Тэр бидэн уруу ирж,
Өөрийн ард түмний төлөөх золилтыг гүйцээсэн.
69Өөрийн зарц Давидын гэрт бидний төлөөх авралын эврийг босгов.
70(Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)
71Энэ нь дайснуудаас маань болоод биднийг үзэн ядагсдын гараас аврах аврал бөгөөд
72эцэг өвгөдөд минь өршөөл үзүүлж,
Өөрийн ариун гэрээгээ дурсахын тулд юм.
73Тэр гэрээ нь бидний эцэг Абрахамд тангарагласан тангараг бөгөөд
74дайснуудын гараас авраад,
айдас түгшүүргүйгээр
75бид бүх өдрүүдийнхээ турш
Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор
Түүнд үйлчлэхийн тулд болой.
76Хүү, чи Хамгийн Дээд Нэгэний эш үзүүлэгч гэж дуудагдана.
Учир нь чи Түүний замыг бэлдэхийн тулд
Эзэний өмнө явах болно.
77Энэ нь Түүний ард түмэнд авралын мэдлэгийг нүглүүдийнх нь уучлалаар өгөхийн тулд юм.
78Бидний Бурханы нигүүлсэнгүй өршөөлөөр
Мандах нар нь дээрээс бидэнд айлчлан ирэх нь
79харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж,
бидний хөлийг энх тайвны зам уруу чиглүүлэхийн тулд юм
гэсэн ажгуу.
80Хүүхэд өссөөр, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

Currently Selected:

ЛУК 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in