ЛУК 23
23
1Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. 2Тэд Есүсийг буруутгаж эхлэн
—Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд 3Пилат Түүнээс
—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр түүнд
—Та ч хэлж байна гэв. 4Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд
—Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. 5Харин тэд
—Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв. 6Пилат үүнийг сонсоод,
—Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. 7Түүнийг Херод хааны эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ.
8Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. 9Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. 10Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүн буруутгаж байлаа. 11Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, доог тохуу хийсний дараа Түүнд гоёмсог нөмрөг нөмрүүлж, Пилат уруу буцаан хүргүүлэв. 12Тэр өдөр Херод, Пилат хоёр нөхөд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.
13Пилат ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг дуудаад, 14тэдэнд
—Ард олныг бослогод өдөөн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын өмнө Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй. 15Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцаан ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна. 16Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ. 17[Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж өгөх үүрэгтэй байв.] 18Гэтэл цугласан олон бүгдээрээ
—Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж өг гэж хашхиралдав. 19(Бараб нь хотод бослого гаргасан, хүн алсан хэргээр шоронд хоригджээ) 20Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв. 21Гэвч тэд
—Түүнийг цовдол, цовдол хэмээн хашхирсаар байлаа. 22Пилат гурав дахь удаагаа тэдэнд
—Яагаад? Энэ хүн ямар бузар мууг үйлдсэн юм бэ? Үхлийн шалтгаан болох ямар ч гэм бурууг би Түүнээс олсонгүй. Тийм учраас Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд 23харин ч тэд чанга чанга хашхиран Түүнийг цовдлохыг шаардан, тэдний дуу хоолой дийлэв. 24Тийнхүү Пилат тэдний шаардлагыг биелүүлэхээр шийджээ. 25Тэгээд тэдний гуйсны дагуу бослого гаргаж, хүн алсан хэргээр шоронд хоригдсон хүнийг суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тушаав.
26Тэд Есүсийг аваад явж байхдаа хөдөөнөөс ирсэн Курений Симон гэгч хүнийг барьж, түүнд загалмайг үүрүүлж, Есүсийн араас явуулав. 27Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний төлөө гашуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа. 28Харин Есүс тэдэн уруу эргэж
—Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл. 29Үзэгтүн. “Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мөн хэзээ ч хөхүүлж байгаагүй хөх нь ерөөлтэй еэ!” гэж хэлэгдэх өдрүүд ирж байна. 30Тэгээд тэд ууланд хандан “Бидэн дээр уна”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно. 31Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай модонд тэгвэл юу болох билээ? гэв.
32Түүнтэй хамт алахаар өөр хоёр гэмт хэрэгтэнг авч явлаа.
33Тэд «Гавал» хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. 34Есүс
—Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шодоод, Түүний хувцсыг хуваан авчээ. 35Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан
—Тэр бусдыг авардаг байсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мөн юм бол Өөрийгөө авраг гэж байв. 36Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд гашуун цуу өгч,
— 37Хэрэв Чи иудейчүүдийн Хаан мөн юм бол, Өөрийгөө авраач гэлээ. 38Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.
39Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж,
—Та чинь Христ биш бил үү? Өөрийгөө, бас биднийг авраач! гэв. 40Харин нөгөө нь түүнийг зэмлэн
—Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу? 41Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гээд 42тэр
—Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв. 43Тэгтэл Есүс түүнд
—Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
44Энэ нь зургадугаар цагийн орчим байсан бөгөөд есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөв. 45Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ. 46Есүс
—Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав. 47Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан
—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв. 48Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв. 49Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.
50Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв. 51(Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ. 52Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв. 53Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ. 54Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм. 55Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. 56Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ.
Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.
Currently Selected:
ЛУК 23: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society