YouVersion Logo
Search Icon

МАЛАХИ 3

3
1“Харагтун, Би элчээ илгээх гэж байна. Тэр Миний өмнө замыг цэвэрлэх болно. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 2“Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм. 3Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Тэр тэднийг алт ба мөнгө шиг цэвэршүүлнэ. Тэгснээр тэд зөв шударга байдал дотор ЭЗЭНд өргөлүүдийг өргөх юм. 4Тэгээд Иуда ба Иерусалимын өргөл нь эртний өдрүүдийнх шиг, урьдын жилүүдийнх шиг ЭЗЭНд тааламжтай байх болно. 5Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 6“Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тийм учраас Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.
7Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг. 8Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. 9Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан! 10Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 11“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 12“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
13“Та нарын үгс Миний эсрэг ихэмсэг байжээ” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг. 14Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ? 15Одоо бид ихэмсэг хүнийг ерөөгдсөн гэж дуудна. Хорон мууг үйлдэгчид зөвхөн босгон бариад зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан явдаг» гэдэг”.
16Тэгээд ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонссон. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг үнэлдэг хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ. 17“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. 18Тиймээс та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно.

Currently Selected:

МАЛАХИ 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in