МАТАЙ 24
24
1Есүсийг сүмээс гарч явах үед шавь нар нь Түүнд сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв. 2Тэр тэдэнд
—Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
3Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж,
—Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд 4Есүс хариуд нь
—Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. 5Учир нь олон хүн “Би бол Христ” хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. 6Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. 7Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. 8Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. 9Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. 10Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. 11Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. 12Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. 13Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. 14Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.
15Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), 16Иудейд байгсад нь уул уруу зугтааг. 17Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. 18Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. 19Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! 20Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. 21Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. 22Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. 23Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Тэнд” гэвэл түүнд бүү итгэ. 24Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. 25Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. 26Тиймээс хэрэв тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. 27Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. 28Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг.
29Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. 30Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. 31Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно.
32Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. 33Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн. 34Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. 35Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.
36Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. 37Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. 38Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. 39Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. 40Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 41Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. 42Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. 43Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. 44Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.
45Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ? 46Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ! 47Үнэнээр Би та нарт хэлье, эзэн хамаг эзэмшил хөрөнгөө түүнд даатгана. 48Харин муу боол нь зүрхэндээ “Эзэн маань удаан хугацаагаар ирэхгүй” гээд 49өөрийн анд нөхөд болох боолуудаа зодож, архичидтай идэж ууж эхэлбэл, 50эзнээ ирнэ гэж хүлээгээгүй өдөр, мэдэхгүй цагт нь мөнөөх боолын эзэн ирж, 51түүнийг үхтэл нь зодож, хоёр нүүртэнгүүдтэй хамт нэг газарт байрлуулна. Тэгээд тэнд уйлж, шүдээ хавирах болно.
Currently Selected:
МАТАЙ 24: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society