YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 4

4
1Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв. 2Тэр дөчин өдөр, дөчин шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. 3Соригч ирээд, Түүнд
—Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв. 4Гэвч Есүс
—“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв. 5Тэгэхэд диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, 6Түүнд
—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь
“Тэрээр тэнгэр элч нартаа Чиний талаар тушаана.
Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ
Тэд гар дээрээ Чамайг өргөн явна”
гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.
7Есүс
—“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв. 8Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд,
9Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье гэж хэлэхэд 10Есүс
—Зайл, Сатан аа! “Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ. 11Тэгээд диавол Түүнийг орхиход, тэнгэр элч нар ирж Түүнд үйлчилж эхлэв.
12Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа. 13Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив. 14Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд
15«Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг,
харь үндэстнүүдийн Галил,
16харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж,
үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав»
гэсэн юм.
17Тэр цагаас эхлэн Есүс
—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.
18Тэр Галил нуурын эргээр явж байхдаа ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нууранд тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж. 19Есүс тэдэнд
—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. 20Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа. 21Тэр тэндээсээ цааш явж байгаад өөр нэг ах дүү болох Зебедеен хөвгүүн Иаков, түүний дүү Иохан хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт загасны тороо сэлбэж байгааг хараад дуудав. 22Тэр даруй тэд эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа.
23Есүс бүх Галилаар явахдаа синагогуудад нь сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, олон түмний доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа. 24Түүний тухай зар бүх Сири даяар тархсанд, хүмүүс зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, унаж татдаг өвчтэй, саа өвчтэй бүхнийг Түүн дээр авчрахад Есүс тэднийг эдгээжээ. 25Галил, Декаполис, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олон хүн Түүнийг дагалаа.

Currently Selected:

МАТАЙ 4: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in