МАРK 3
3
1Тэгээд Тэр дахин синагогт ороход тэнд хатангир гартай хүн байжээ. 2Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа. 3Есүс хатангир гартай хүнд
—Босоод, урагшаа гар гээд, 4тэдэнд
—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй. 5Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд
—Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. 6Фарисайчууд гарч, тэр даруй Есүсийн эсрэг херодынхонтой Түүнийг яаж алах тухай зөвлөлджээ.
7Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олон хүн [дагаж байлаа]. Бас Иудейгээс, 8Иерусалимаас, Идумаас, Иорданы тэртээгээс, Тир болон Сидон хавиас үй олон хүн Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Түүн уруу иржээ. 9Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав. 10Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. 11Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж,
—Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв. 12Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.
13Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв. 14Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, 15чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм. 16[Тэр арван хоёр хүнийг томилсон нь] Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), 17Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), 18Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон, 19Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.
20Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй. 21Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай
—Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа. 22Иерусалимаас ирсэн хуулийн багш нар
—Тэр Беелзебултэй гээд
—Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа. 23Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун
—Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ? 24Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй. 25Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно. 26Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ. 27Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ. 28Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана. 29Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. 30Учир нь тэд
—Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.
31Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. 32Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд
—Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, 33Тэр тэдэнд хариулан
—Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд, 34Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад,
—Миний ээж болон Миний дүү нарыг харагтун. 35[Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.
Currently Selected:
МАРK 3: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society