ТООЛЛОГО 35
35
1Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 2Израилийн хөвгүүд өөрсдийн эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг тэдэнд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээр нутгийг өг. 3Дотор нь амьдрах хотууд тэднийх болох ёстой. Тэдгээрийн бэлчээрүүд нь тэдний үхэр, мал хийгээд бүх амьтдынх нь болох юм.
4Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээрүүд нь хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх болой. 5Та нар бас хотоос гадагш, зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг төвд нь хотыг оруулан хэмжигтүн. Энэ нь хотуудын бэлчээр нутаг болж, тэднийх болох ёстой. 6Левичүүдэд та нарын өгөх хотууд нь алуурчныг зугтан очиход нь зориулан өгөх зургаан хоргодох хот байх ёстой. Тэдгээрийн дээр нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өгөх ёстой. 7Левичүүдэд та нарын өгөх бүх хотууд нь дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байх болой. 8Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд гэвэл та нар томхоноос нь илүүг авч, багаханаас нь багыг авч өгөх ёстой. Овог бүр өөрийн өвлөж буй эзэмшилтэйгээ харьцуулан өөрийн хотуудаас левичүүдэд өгөгтүн гэлээ.
9Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
— 10Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд хэлэгтүн. “Та нар Канаан нутаг уруу Иорданыг гатлан орох үедээ, 11хоргодох хот чинь болох хотуудыг өөрсөддөө сонгон авагтун. Тэгвэл аливаа хүнийг санамсаргүй алсан алуурчин нь тийшээ зугтах юм. 12Тэдгээр хотууд нь та нарт өшөө авагчаас хоргодох газар болох учиртай. Тэгснээр алуурчин нь шүүгдэхээр цуглааны өмнө зогсохоосоо өмнө үхэхгүй байх болно. 13Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх болой. 14Та нар гурван хотыг Иорданы цаад талд, гурван хотыг Канааны нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой. 15Эдгээр зургаан хот нь Израилийн хөвгүүд, харь хүн болон тэдний дунд буй түр суугчийн төлөө хоргодох газар болох ёстой. Хүнийг санамсаргүйгээр алсан аливаа хүн тийш зугтан очиж болно.
16Гэвч хэрэв тэр түүнийг төмөр зүйлээр цохин унагаснаас болж тэр хүн нь үхсэн бол тэр нь алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 17Хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан чулуугаар тэр түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 18Эсвэл хэрэв хүн үхэж болохоор, гартаа барьсан модон зүйлээр тэр түүнийг цохисон бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 19Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно. 20Хэрэв тэр үзэн ядсанаас болж түүнийг түлхэх, эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэх ба үр дүнд нь тэр хүн үхсэн бол, 21эсвэл хэрэв тэр өс хонзон санаж, өөрийн гараар түүнийг цохин унагасан бөгөөд үр дүнд нь тэр хүн үхсэн бол түүнийг цохисон тэр нэгэн заавал үхэх ёстой. Тэр бол алуурчин мөн. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг алах ёстой.
22Харин хэрэв тэр түүнийг өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн аваас, эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн бол, 23эсвэл түүнийг харалгүй дээрээс нь, үхүүлж болохоор чулуун зүйлийг унагаснаас болж тэр хүн үхсэн бол, тэр түүний дайсан байгаагүй, түүнийг гэмтээх гээгүй учраас 24цуглаан нь алуурчин болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр тогтоолуудын дагуу шүүх ёстой. 25Алуурчныг цусан өшөө авагчийн гараас цуглаан аварч, зугтан очсон хоргодох хотод нь түүнийг буцаах ёстой. Ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг нас бартал тэр хүн тэнд амьдрах ажгуу. 26Харин хэрэв алуурчин нь нэгэн цагт өөрийн зугтан очих хоргодох хотынхоо хилээс гадагш гаран, 27цусан өшөө авагч нь түүний хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, цусан өшөө авагч нь алуурчныг албал тэрээр цусны буруутан болохгүй. 28Учир нь тэргүүн тахилчийг нас бартал тэр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг нас барсны дараа алуурчин нь эзэмшсэн нутаг уруугаа буцах болно.
29Эдгээр зүйлс нь та нарын бүх амьдрах газарт, үр удмын чинь туршид хууль ёсны тогтоол болох болой. 30Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн гэрчлэлээр ямар ч хүнийг алах ёсгүй. 31Түүнээс гадна, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой. 32Хоргодох хот уруугаа зугтсан хүний төлөө та нар золиос авч, тахилчийг нас барахаас өмнө нутагтаа амьдрахаар буцахыг түүнд зөвшөөрч болохгүй. 33Ийнхүү та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь цус газрыг бохирдуулдаг бөгөөд газрын төлөө, түүн дээр урссан цусны төлөө, цус урсгагчийн цуснаас гадуур ямар ч наминчлал хийгдэж чадахгүй ажгуу. 34Дунд нь Би орших, дотор нь та нар амьдрах тэр нутгийг та нар бузарлаж үл болно. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байгаа” гэлээ.
Currently Selected:
ТООЛЛОГО 35: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society