YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 10

10
1Соломоны сургаалт үгс.
Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг бол мунхаг хүү эхдээ сэтгэлийн зовлон болдог.
2Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна.
Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.
3Шударга зөв хүний өлсөхийг ЭЗЭН эс тэвчдэг,
Харин хар санаатны хүслэнг цааш түлхдэг.
4Лазан гар ядуу зүдүүг авчирна,
Хичээнгүй гар баян болгоно.
5Ухаант хүү ургацаа цагт нь хураана,
Харин ургац хураах цагаар нойрсогч хүү ичгүүрт автана.
6Ерөөл нь шударга зөв хүний тэргүүн дээр оршино,
Харин хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
7Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол
Хар санаатны нэр ой гутаана.
8Мэргэн зүрхтэй хүн зөвлөгөөг хүлээж авдаг бол
Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
9Үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол
Замаасаа гаждаг хүн баригдах болно.
10Нүдээ ирмэгч нь гай тотгорыг авчирдаг.
Чалчаа мунхаг нь сүйрэх болно.
11Шударга зөв хүний ам амьдралын ундарга бол
Хүчирхийлэл нь хар санаатны аманд нууцлагддаг.
12Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол
Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.
13Гярхай нэгний амнаас мэргэн ухаан олдоно.
Харин ухаан дутсан нэгэнд нуруун дундуураа татуулах саваа олдоно.
14Мэргэн хүмүүс мэдлэгийг хуримтлуулдаг.
Харин мунхгийн ам нь сүйрэл авчирдаг.
15Баян хүний хөрөнгө өөрт нь бэхлэгдсэн цайз болдог бол
Ядуусын гачаал зүдгүүр нь тэдэнд балгас болдог.
16Шударга зөв хүний ацаг хөлс нь амьдрал бол
Хар санаатны орлого нь шийтгэл.
17Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна.
Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөрч оддог.
18Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн.
Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.
19Үг олшроход нүгэл зайлшгүй,
Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.
20Шударга зөв хүний хэл цалин цагаан мөнгө мэт бол
Хар санаатны зүрх өчүүхэн үнэ цэнэтэй аж.
21Шударга зөв нэгний яриа олон хүнийг тэжээдэг бол
Мунхаг хүмүүс ухаан дутсанаас үхдэг.
22ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд
Тэр харууслыг эс авчирна.
23Муу үйлдэл нь мунхаг нэгэнд зугаа болдог бол
Ухаант нэгэн мэргэн ухаанд баярладаг.
24Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана.
Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.
25Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно.
Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.
26Залхуу хүн ажилд зарагсдын хувьд хумсны завсар шаасан хулс,
Нүд уруу суунаглах утаа мэт буюу.
27ЭЗЭНээс эмээхүй нь амьдралыг уртасгадаг бол
Хар санаатны он жилүүд богиносдог.
28Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол
Хар санаатны найдвар мөхдөг.
29ЭЗЭНий зам нь шударга зөв нэгэнд өмөг түшиг,
Харин зүй бусыг үйлдэгсдэд сүйрэл ажээ.
30Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй.
Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.
31Шударга зөв хүний ам мэргэн ухааныг анхилуулна.
Харин хорлогчийн хэл огтлогдоно.
32Шударга зөв нэгний ам зөвшөөрөхүйц зүйлийг гаргадаг бол
Хорон нэгний ам хор хөнөөлийг гаргадаг.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in