YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 12

12
1Журамт байдалд дуртай хүн мэдлэгт дуртай.
Харин зэмлэлийг үзэн ядагч нь мунхаг болой.
2Сайн хүн ЭЗЭНээс тааллыг хүртэнэ.
Ов мэхтэнг Тэр шийтгэнэ.
3Хар санаа хүний оршихуйн тулгуур болж чадаагүй юм.
Харин шударга зөвийн үндэс хэзээд хэвээр үлдэнэ.
4Сайн эхнэр нөхөртөө титэм юм.
Харин нөхрөө ичгүүрт оруулдаг эхнэр түүний ясан дахь идээ бээр мэт буюу.
5Шударга зөв хүний бодол санаа зөв байдаг.
Харин хар санаатны зөвлөгөө нь хуурамч аж.
6Хар санаатны үгс нь цус урсгахаар бүгдэг.
Харин цэх шулуун хүмүүсийн ам тэднийг аварна.
7Хорон санаатнууд үлдэхгүй сүйрч устана.
Харин шударга зөв хүний орон гэр нь бат зогсоно.
8Хүн билиг ухааны хэрээр хүндэтгүүлэн магтуулдаг бол
Гуйвуулагч нэгэн гадуурхагдана.
9Талхаар тарчиг атлаа өөрийгөө өргөмжилснөөс,
Хэн ч биш атлаа зарцтай байсан нь хавьгүй дээр.
10Зөв шударга хүн малынхаа төлөө санаа тавьдаг бол
Хар санаатны нинжин сэтгэл нь ч хахир аж.
11Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно.
Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг.
12Хорон санаа бол өөдгүй хүний олз омог юм.
Харин шударга зөв хүний үндэс нь үр жимс ургуулна.
13Хорон муу хүн уруулынхаа нүгэлд урхидуулдаг бол
Шударга зөв хүн зовлонгоос зайлдаг.
14Хэлсэн үгсийнхээ үр жимсний улмаас хүн сайн сайхнаар цадна.
Хүний гараас гарах үйлс буцаж өөрт нь ирнэ.
15Мунхгийн зам өөрийнх нүдэнд нь зөв харагддаг.
Харин мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог юм.
16Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ.
Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө.
17Үнэнийг ярьдаг хүн зөв юмыг хэлж буй хэрэг.
Харин хуурамч гэрчлэлд заль мэх байдаг.
18Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол
Мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг.
19Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.
20Хар санаа нь хорон мууг сэдэгсдийн зүрхэнд оршдог.
Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр баясгалан байдаг.
21Зөв шударга хүнд хор хөнөөл тохиолдохгүй.
Харин хорон санаатан гай тотгороор дүүрдэг.
22Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол
Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.
23Хэрсүү хүн мэдлэгээ үзүүлэн болгодоггүй.
Харин мунхаг хүмүүсийн зүрх мунхаг явдлаа зарлан тунхагладаг.
24Хичээл зүтгэлтэй хүний гар удирдан дагуулдаг бол
Лазан гар албадлагын ажилчин болгож орхино.
25Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол
Эелдэг үг түүнийг баярлуулдаг.
26Зөв шударга хүн өөрийн хөршдөө газарчин болдог бол
Хар санаатай хүмүүсийн зам бусдыг төөрүүлдэг.
27Залхуу хүн ангийн махаа шарахгүй.
Харин хүний үнэт өмч хөрөнгө бол хичээнгүй байх явдал билээ.
28Зөв шударга хүний зам дээр амь бий.
Түүний зам дээр үхэл байхгүй.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in