ДУУЛАЛ 104
104
1Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.
Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.
2Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,
Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
3Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.
Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.
Тэрээр салхины жигүүрээр явдаг.
4Тэрээр салхийг Өөрийн элч,
Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.
5Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулд
Тэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.
6Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.
Их ус уулсын дээр байлаа.
7Таны зэмлэлээс тэд зугтаж,
Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.
8Уулс өргөгдсөн. Хөндий талууд
Таны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.
9Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд,
Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.
10Тэрээр хөндийд булаг оргилуулдаг.
Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.
11Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,
Хулангуудын цангааг ч тайлдаг.
12Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,
Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.
13Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.
Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.
14Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,
Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.
Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон
15Хүний зүрхийг баясгадаг дарсыг,
Нүүрийг өнгөлдөг тосыг болон
Хүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.
16ЭЗЭНий модод,
Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.
17Тэнд шувууд болон
Нарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.
18Өндөр уулс янгирт зориулагдсан.
Хадан цохио доргоны хоргодох газар болдог.
19Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.
Нар ч шингэх газраа мэддэг.
20Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.
Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.
21Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,
Бурханаас хүнсээ гуйдаг.
22Нар мандахад тэд буцаж,
Агуйнууддаа очин хэвтдэг.
23Хүн ч ажиллахаар,
Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.
24Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!
Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.
Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.
25Агуу, өргөн далай байдаг бөгөөд
Тэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюу
Том, жижиг амьтад бий.
26Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөд
Тэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.
27Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань
Тэд бүгд хүлээж байдаг.
28Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.
29Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,
Хөрс шороондоо буцдаг.
30Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.
Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.
31ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.
ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.
32Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.
Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.
33Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна.
Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна.
34Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.
Би ЭЗЭНий дотор баярлах болно.
35Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,
Хорон муу хүмүүс байхгүй болог.
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ЭЗЭНийг магтагтун.
Currently Selected:
ДУУЛАЛ 104: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society