YouVersion Logo
Search Icon

РОМ 5

5
1Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид бидний Эзэн Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрсэн билээ. 2Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжуулан итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. 3Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, 4тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. 5Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг. 6Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. 7Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. 8Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. 9Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. 10Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно. 11Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.
12Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ. 13Учир нь Хуулиас өмнө ертөнцөд нүгэл байсан. Гэвч хэрэв хууль байхгүй бол нүгэл нь нүгэл хэмээн тооцогдохгүй. 14Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ.
15Харин үнэгүй бэлэг бол алдаа зөрчилтэй адилхан биш. Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирэх бэлэг нь олон хүнд бялхагдсан юм. 16Бэлэг нь нүгэл үйлдсэн ганц хүнээр дамжуулан ирсэн зүйлтэй адилхан биш. Учир нь нэг талаас, нэг алдаа зөрчлийг дагалдан шүүлт нь ирж, ялд унагасан бол, нөгөө талаас олон алдаа зөрчлийг дагалдан үнэгүй бэлэг нь ирж, зөвтгөлд хүргэсэн билээ. 17Учир нь хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжуулан үхэл нь ноёрхсон бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн бялхалыг хүлээн авагсад нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжуулан амь дотор ноёрхоно. 18Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв. 19Учир нь ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно. 20Алдаа зөрчил ихэссэн байхын тулд Хууль орж ирсэн. Гэвч хаана нүгэл ихэссэн байна, тэнд нигүүлсэл улам илүү бялхсан юм. 21Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон, нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжуулан мөнх аминд хүргэх зөвт байдлаар ноёрхох юм.

Currently Selected:

РОМ 5: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in