Ефес 4:17-32

Ефес 4:17-32 АБ2013

Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ. Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.