Иохан 15:1-27
Иохан 15:1-27 АБ2013
Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ. Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний хэлсэн үгээр та нар хэдийнээ цэвэр болжээ. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод, та нар мөчрүүд. Хэн Миний дотор байж, Би мөн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй. Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана. Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар их жимс гаргаж, Миний шавь нар болоход Эцэг минь алдаршина. Эцэг Намайг хайрласны адил Би бас та нарыг хайрласан. Хайранд минь байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно. Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв. Би та нарыг хайрласны адилаар та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн. Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нөхөд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт өгөх юм. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биенээ хайрлагтун. Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно. Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ. Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.