Лук 23:1-11

Лук 23:1-11 АБ2013

Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын өмнө хүргүүлэв. Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн, Цезарьт татвар төлөхийг хорьж, Өөрийгөө Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь —Та ч хэлж байна гэв. Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв. Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг өдөөн хатгаж байна гэж шаардангуй хэлж байв. Пилат үүнийг сонсоод —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув. Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херодод илгээжээ. Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй. Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүнээр буруутгаж байлаа. Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нөмрөг нөмөргөж, Пилатад буцааж хүргүүлэв.